“МАНАН-ГИЙН СҮҮЛЧИЙН ЦАЙЗ” М.Энхболд ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН ЭЦСИЙН НАЙДВАР боллоо

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар “тэмцэж” байгаа гишүүд түүнийг “МАНАН-ГИЙН СҮҮЛЧИЙН ЦАЙЗ” хэмээн тодорхойлсон. Тийм учраас М.Энхболдыг огцруулж, УИХ-ын даргын сэнтийгээс нь буулгаж байж МАНАН-г сарниулна гээд байгаа.

Энэ үнэний ортой байж мэднэ. МАНАН хэмээх улстөр, хууль, бизнесийн маш хүчтэй бүлэглэл бий болсныг улс төр гадарладаг, “доторлодог” хүн бүр ярьдаг. Бас мэддэг ч юм билээ.

Гэхдээ нөгөө талаас М.Энхболд өнөөдөр ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН ЭЦСИЙН НАЙДВАР болчихоод байгаа юм. Учир нь бид Үндсэн хуульдаа “…Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гээд тунхаглачихсан.

Тэрхүү “төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага” бол УИХ юм. УИХ-ын даргын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тодорхой заалтууд УИХ-ын тухай хуульд бий.

Уг хуульд УИХ-ын дарга нь “…нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэсэн үндэслэлүүдээр ажлаа өгөх номтой.

Гэвч М.Энхболд энэ дайралтад сөхөрч магадгүй юм. Ингэлээ гэхэд УИХ-ын дараагийн даргыг бас л хэдэн гишүүн нийлж байгаад хуулийн бус аргаар М.Энхболд шиг унагачихаж болох зам нээгдэнэ.

Ер нь бол сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга руу хийж байгаа дайралтыг М.Энхболд руу биш УИХ руу хийж буй довтолгоо гэж харагсад олширлоо. Тэдний үзэж буйгаар ингэж ингэж М.Энхболд бууж, УИХ тарж, Үндсэн хуулиар тунхагласан Төрийн эрх барих дээд байгууллага чадамжаа алдана. Ингэмэгц “Ерөөсөө Монгол Улсад нэг сайн удирдагч л хэрэгтэй юм байна” гэсэн PR явж эхэлнэ гэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглал руу гулсах зам руугаа орж, тэр талын “тоглолт” ил цагаандаа гарсан гэж болохоор байгаа юм.

Шуудхан хэлэхэд, М.Энхболд “МАНАН-ГИЙН СҮҮЛЧИЙН ЦАЙЗ” байж болно. Гэхдээ тэр ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН ЭЦСИЙН НАЙДВАР болчихоод байна. Тиймээс эрх ашгийн эрэмбийг энд харах хэрэгтэй боллоо гэсэн үг.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE