360 хүний амь аварсан онгоцны үйлчлэгч зоригт бүсгүйн түүх

Онгоцны үйлчлэгчийн ажлыг романтикаар төсөөлж, дурлаж, сонирхогчид олон бий. Хол газар нисч, олон сонирхолтой хүмүүстэй танилцаж, сайхан дүрэмт хувцас өмсөж, гоё харагдах нь энэ мэргэжлийн гол ололттой тал гэж хардаг. Гэхдээ бас хэрэг гарвал зорчигчдын амь насыг хамгаалах, аюул ослын үед богино хугацаанд зөв чухал шийдвэрийг зоригтой гаргахыг энэ мэргэжил шаарддаг юм.

Pan American World Airways агаарын тээврийн компанийн 22 настай үзэсгэлэнтэй энэтхэг бүсгүй Ниржа Бханот онгоцны үйлчлэгчийн ажилдаа дуртайн зэрэгцээ хариуцлагыг нь сайтар мэдэрдэг байжээ.

1986 оны есдүгээр сарын 5-нд Пакистаны Карачи хотын онгоцны буудалд онгоц нь газардахад Исламын бүлэглэлийн дөрвөн алан хядагч онгоц руу дайрч, барьцаалжээ. Алан хядагчид онгоц руу маш хурдан дайрч орсон ч Ниржа тэр даруй онгоцны багийнханд хэлж амжжээ. Үүний дүнд онгоцны нисэгчид ослын хаалгаар гарч зугтан, онгоцыг нисэх боломжгүй болгосон юм.

Харин Ниржа өөрөө ажлын байрандаа, онгоцны салондоо үлдсэн байна. Алан хядагч-барьцуулагчид онгоцонд байгаа АНУ-ын иргэдийг ялган хөнөөхөөр зорчигчдын паспортыг Ниржагаас шаарджээ. Ниржа богино хугацаанд сэргэлэн ажиллаж, АНУ-ын иргэн зорчигчдын паспортыг хогийн сав руу чихэж, заримыг нь суудлын доогуур шидэж нууж чадсан гэнэ. Ниржагийн ачаар АНУ-ын иргэдийг ялгаж болохгүй болсон тул амьд үлдээжээ.

Удалгүй Пакистаны Цагдаа, хүчнийхэн онгоцыг чөлөөлөхөөр дайрч, алан хядагчидтай буудалцаж эхэлсэн байна. Буудалцаж чөлөө сэхээхгүй болсон алан хядагчдын байдлыг ашиглан Ниржа зорчигчдыг онгоцноос нууцаар буулгажээ. Ихэнх зорчигчдыг буулгачихаад өөрөө буух гэтэл онгоцны нэгэн сандлын араар гурван жаахан хүүхэд нуугдаж буйг олж харжсан байна. Ингээд тэднийг буулгахаар эргэн ухасхийтэл алан хядагчид анзаарч гал нээжээ. Хүүхдүүд рүү буудсан тул Ниржа өмнүүр нь орж, цээжээрээ сумыг хааж хүүхдүүдийн амийг аварч, өөрөө амиа алдсан байна.

Ниржагийн цээжээрээ хамгаалсан гурван хүүхдийн нэг нь хожмоо онгоцны нисэгч болсон гэдэг. Ниржа Бханотад Энэтхэгийн эр зориг, баатарлаг үйлсийн хамгийн дээд шагнал “Ашок Чакра”-г нэхэн олгосон юм.

Хожим гэр бүл нь Ниржагийн нэрэмжит сан байгуулж, хариуцлагатай сайн ажилласан агаарын тээврийн компанийн ажилтныг жил бүр шалгаруулан шагнадаг болсон юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE