Секс шуугианы улмаас АНУ-ын Гимнастикийн Холбоог татан буулгав

 

АНУ-ын Үндэсний Олимпийн Хороо улсынхаа Гимнастикийн Холбоог татан буулгах шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах болсон үндэслэл нь тус холбооны ажилтан, АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмч Ларри Нассар олон жилийн турш тамирчин охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчиндсэн хэрэг нь илэрч 175 жилийн ял сонссонтой холбоотой юм.

2017 оны аравдугаар сард олимпийн аварга гимнастикч Маккайл Марони шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дуулианы эхлэл болсон. Маронид Ларри Нассар тэмцээн уралдааны өмнө сэтгэлзүйг нь тайвшруулах үйлчилгээтэй гэж эм өгөөд түр хугацаанд ухаан алдуулж, улмаар хүчиндсэн явдал гарсныг дурьдсан.

Үүний дараагаар Ларри Нассарын хохирогч болсон  охид, бүсгүйчүүд ил мэдэгдэл хийж эхэлсэн.

Орчин цагийн гимнастикийн хурц од, олимпийн дөрөв, дэлхийн 14 удаагийн аварга Симона Байлз хүртэл бэлгийн дарамт орж байснаа мэдүүлсэн.

Ийнхүү нэр хүнд нь унасан Гимнастикийн Холбоо үйл ажиллагаа хэвийн явуулах чадамжгүй гэж үзсэн тул татан буулгажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE