Эксл Роуз, Рианна нар Дональд Трампыг шүүмжилж, бослогод уриалав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг алдартай дуучин хөгжимчид шүүмжилдэг нь энгийн үзэгдэл шахуу болсон зүйл. Гэхдээ энэ удаад улс төрийн үзэл баримтлал, ааш авираас нь болж бус харин хууль бусаар дууг нь ашигласан хэрэгт Guns N`Roses-ийн Эксл Роуз болон  Рианна нар буруутгалаа.

Теннесси мужид илтгэл тавихдаа Дональд Трамп Рианнагийн Do Not Stop the Music дууг ашиглажээ. Энэ талаар NBC-гийн сурвалжлагч Филипп Ракер мэдээлсэн байна.

“Өмнө нь энэ талаар сая удаа ярьсан даа. Одоо сая нэг дэх удаад нь хэлье. Трампын уулзалт илтгэлээс улс төрийн шинж чанар ханхалдаггүй. Одоо л гэхэд Теннессигийн Чаттануга хотод илтгэл тавихдаа ард нь Рианнагийн дууг эгшиглүүлэх юм. Мөн туслахууд нь цугласан олон руу “Трамп” гэсэн бичигтэй цамцнуудыг бөмбөг шиг л чулуудаж байна” хэмээн Ракер мэдээлжээ.

Энэхүү мэдээллийг Рианна сонсоод “Би өөрөө болон миний талын нэг ч хүн цаашид ийм эмгэнэлтэй уулзалтад очиж, түүний дэргэд зогсохгүй” гэж мэдэгдсэн байна.

Мөн Guns N`Roses-ийн дууг зарим уулзалтад ашигласан талаар дуулсан Эксл Роуз “Манай  хамтлаг бусад хөгжмийн хамтлагуудын адилаар ая дуугаа улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд хэрэглэхийг хатуу хориглодог гэдгийг мэдэгдэе.

Цагаан ордонд үнэн мөн, ёс зүй, ухамсар гэсэн ойлголтыг уландаа гишгэж, нулимж явдаг нэг хүн байх юм. Тэр хүн үнэнийг худал гэж, худлыг үнэн болгох гэж хичээдэг. Бид өмнө нь Америкт ийм бүдүүлэг хандлагыг харж байсангүй. Хэрвээ бид одоо сэрж, энэ дэмийрэлд цэг тавихгүй бол ирээдүйд их хохирох болно шүү” гэж өгүүлжээ.

Үүнээс өмнө аравдугаар сарын 27-нд Индианад болсон уулзалтын үеэр Дональд Трамп дуучин Фаррелл Уильямсын “Happy” дууг ашигласан. Яг тэр өдөр Питтсбургт алан хядах ажиллагааны улмаас 11 хүн амь үрэгдсэн юм.

“Галзуурсан үндэсэрхэг үзэлтний гарт 11 хүн амиа алдсан аймшигт өдөр Индиана дахь улс төрийн уулзалтын үеэр “Happy” гэх дуу эгшиглэх юм. Манай эх оронд учирсан энэ аймшигтай явдалд ямар “happy” юм алга. Тэгээд ч дуу хөгжмөө ашиглах эрхийг түүнд хэн ч өгөөгүй” гэж Фаррелл Уильямсын хуульч өгүүлж байлаа.

Ийнхүү Америкийн алдартай дуучид Дональд Трампын эсрэг мэдэгдлүүд ээлж дараалан хийж, түүнд ая дуугаа ашиглуулахгүй гэдгээ зарлахын зэрэгцээ мөн түүнийг Ерөнхийлөгчийн суудлаас буулгахыг хүсч буйгаа илэрхийлсээр байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE