Моуриньо завсарлагаанаар тоглогчдодоо юу хэлснээ дэлгэв

 

Английн Премьер лигийн 11 дүгээр тойргийг нээж “Борнмут”-“Манчестер Юнайтед” тоглож, зочид 1:2-ээр хожлоо. 90+2 минутад Маркус Рэшфордын хийсэн гоолоор “Улаан чөтгөрүүд” ялалт байгуулсан. Тоглолтын дараагаар Жозе Моуриньо ийн өгүүлжээ.

“Завсарлагаанаар би багийнхандаа хэлсэн. “Би Премьер лигийн хамгийн амжилттай яваа дасгалжуулагч. Тиймээс тоо 5:2 юмуу 6:2 байх ёстой” гэж. Эхний үед бид хамгаалалтдаа аймшигтай муу тоглолоо. Прессинг тавилгүй, бэлдсэнээрээ тоглож ч чадаагүй. Уг нь долоо хоногийн турш бэлдсэн юм шүү дээ. Хэрвээ ингэж тоглоод дуусвал хүмүүс биднийг долоо хоногжингоо бэлдсэн гэдэгт итгэх ч үгүй.

Эхний үе үнэхээр осол, сүйрэлтэй төстэй. Харин хоёрдугаар үед тоглолт сэргэж, гоолын олон боломж гаргаж, 92 дахь минутад орох л ёстой байсан гоолыг хийлээ.

Завсарлагаанаар өөр юу хэлсэн бэ гэж үү? Би эхлээд эерэг талаас нь ярьсан. Үүнээс муу гэж байхгүй, үүнээс муу тоглож болох ч үгүй гэж хэлсэн. Тэгэхээр хоёрдугаар үед гарцаагүй сайн байх ёстойг сануулсан. Андер Эррераг талбайд гаргасандаа баяртай байлаа. Тэр багийн тэнцвэрийг хангахад их тустай. Ер нь сэлгээнүүддээ сэтгэл хангалуун.

Хаалга руу хоёр ч удаа ойроос цохиод алдсанд итгэж ч чадаагүй. Яагаад бид тоглолтыг тийм хөшүүн хойрго эхэлснийг ойлгохгүй юм. Хамгийн сайн бэлтгэл, бие халаалтыг хийлээ гэж тоглолтын өмнө дасгалжуулагчид маань надад хэлсэн. Гэтэл ганц хоёр алдаа гаргаад л тогтворгүй болчихож байна. “Довтол, довтол, довтол” гэж фанатууд маань хашгирч дэмжсэн нь сайхан санагдсан. Гэхдээ л багийн тоглолт нэг л тогтворгүй хэвээр. Өнөөдөр юу ч болж мэдэх байлаа. Энэ тогтворгүй байдал миний санчиган дахь буурал үсний тоог улам нэмсээр байгаа” гэж Моуриньо өгүүлжээ.

Борнмут – Манчестер Юнайтед 1:2

Гоол: Уилсон 11, Марсьяль 35, Рэшфорд 90+2

Борнмут: Бегович, Кук, Аке, Смит, Фрэнсис, Лерма, Фрэйзер (Айб, 74), Брукс, Кук (Гослинг, 68), Станислас (Серман, 90), Уилсон.

Манчестер Юнайтед: Де Хеа, Смоллинг, Шоу, Янг, Линделoф, Мата (Рэшфорд, 56), Фред (Эррера, 56), Марсьяль, Погба, Санчес (Лингард, 78), Матич.

Шар хуудас: Шоу (54), Лерма (58), Станислас (63), Уилсон (64), Янг (82), Смит (83).

news1.mn Р.Гэгээ

 

SHARE