Бэлгийн дарамт үзүүлсэн 48 ажилтнаа Google нөхөн төлбөргүйгээр шууд халжээ

 

Хүчингийн хэрэг, хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаархи мэдээллүүд ээлж дараалан ил болж, хэдхэн жилийн өмнө хамгийн хаалттай байсан сэдэв улам бүр задарч, нээлттэй болсоор байна.

Дэлхийн хамгийн том корпорациудын нэг Google компани сүүлийн хоёр жилийн хугацаанд 48 ажилтнаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар халснаа албан ёсоор зарлаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь удирдах албан тушаалтнууд гэнэ.

Google-ийн ерөнхий захирал Шундар Пичаи энэ талаар албан ёсны захидалдаа дурьдсан байна.

Тэрбээр захидалдаа компанийн доторхи сахилга бат, дотоод журмыг улам чангатгаж буйгаа мэдэгджээ.

Мөн Android-ийг үүсгэн байгуулагчдын нэг Энди Рубин ажилтан бүсгүйдээ бэлгийн дарамт үзүүлсэн хэргийнхээ төлөө Google-ээс хөөгдсөн ч гэсэн 90 сая ам.долларын нөхөн төлбөр авсан гэх The New York Times-ийн мэдээлэлд Пичаигийн захидал нэг талаар хариулт тодруулга болж өгчээ.

Пичаи захидалдаа The New York Times-ийн Энди Рубины тухай нийтлэлийг уншихад сэтгэл нь маш их шаналснаа дурьдсаны зэрэгцээ сүүлийн хоёр жилийн хугацаанд ажлаас дээрх шалтгаанаар халагдсан хүмүүст огт нөхөн төлбөр олгоогүй гэдгээ тодотгосон байна.

Тэгэхээр 2013 онд Энди Рубин халагдсан тул 90 сая ам.долларыг нөхөн төлбөрт авсан нь үнэн болж таарч байна гэсэн үг.

Google-ийн ажилтан бүсгүй Лиз Фонг-Жонс энэ сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхдээ “Google хүчирхийлэгчдийг хаацайлж хамгаалахаар хүмүүс ийм хэрэг үйлдчихээд ямар ч хариуцлага үүрэхгүй байж болдог гэсэн үзэл бодолтой болж үлдэж байна. Тэгээд ч ийм хэрэг хийсэн этгээдэд их хэмжээний нөхөн төлбөр төлөх нь хүчирхийлэгчдэд ашигтай их ашигтай харин хохирогч эмэгтэйчүүдэд ямар ч ашиггүй, харин ч улам гутамшигтай байдалд оруулж байна” гэжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE