Хабибын эцэг: Би Хабибыг UFC-гээс ч хатуу шийтгэнэ

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд Оросын Дагестаны тамирчин Хабиб Нурмагомедов өрсөлдөгч Конор Макгрегорыг ялсан ч гэсэн араасаа олон шүүмжлэл, шийтгэл дагуулахуйц үйлдэл хийсэн. Өрсөлдөгчөө дөрөвдүгээр раундад боох мэхээр ялчихсан хэрнээ октагоныг даван харайж, Конор Макгрегорын бэлтгэл хангагчтай очиж гар зөрүүлсэн. Конор Макгрегорын бэлтгэл хангагч Диллон Денис бас бардам нэгэн. “Би бол Конорын сайжруулсан төгс хувилбар” гэж тэр ярьдаг. Тэгээд ч тулааны өмнө Хабиб болон түүний үндэс угсааг гутаан доромжилсон олон үгсийг хэлж, “шордож” байжээ.

Тиймээс Хабиб найман талт октагонд Конорыг ялчихаад дараа нь түүнийгээ давж харайн Диллон Денис рүү дайрсан нь том дуулиан болсон.

UFC-гийн тэргүүн Дэн Уайт ч одоо ямар шийтгэл ногдуулахаа мэдэхгүй байгаа бололтой. Бүсийг нь хураах уу, эсвэл урамшууллын 2 сая ам.долларыг нь олгохгүй байх уу, эсвэл дахин октагонд гаргахгүй байх уу гэх мэт хэд хэдэн хувилбарын шийтгэл байж болно. Гэхдээ шийтгэлийг Дэн Уайт биш харин тулаан болсон Невадагийн хууль хяналтын байгууллага шийдэхээр болжээ. Тиймээс эхлээд байцаалт, шалгалтууд хийгдэх аж.

Хабибын төрсөн эцэг Абдулманап Нурмагомедов нь тулааны спортын дасгалжуулагч хүн. Тэрбээр Уулынхны ёс уламжлалын дагуу хүүгээ маш хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Хэдийгээр найман талт торыг давж харайн зодоон хийснээ Хабиб “Эцэг өвгөд, эх нутаг, шашин шүтлэгээ доромжлуулсаныхаа хариуг авч, амыг нь таглахыг хүссэн” гэж тайлбарласан ч эцэг нь шийтгэл заавал онооно гэжээ.

“Би түүнийг маш хатуу шийтгэх болно. Бүр UFC-гийн шийтгэлээс ч хатуу шийтгэнэ. Би өмнө нь түүнд сануулан хэлж байсан. Тамирчин хүн хамгийн түрүүнд сахилга баттай байх ёстой гэж. Ямар нэгэн зүйлийг нотлох, ойлгуулах гэж буй бол түүнийгээ найман талтай торны дотроо л харуул. Харин тэр торны гадна бол жирийн иргэд, гэмгүй хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэж би түүнд хэлж байсан” хэмээн Абдулманап Нурмагомедов өгүүлжээ.

.

Р.Гэгээ

SHARE