Блейк Лайвли: Бүсгүй хүн төгс төгөлдөр байх албагүй

Есдүгээр сард дэлгэцнээ гарсан “Энгийн хүсэлт” (A Simple Favor) киноны гол дүрд тоглосон Блейк Лайвли “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-“Энгийн хүсэлт” кинонд таны бүтээсэн дүр буюу Эмилигээс нүд салгах амаргүй. Дэгжин хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд түүний бүх зүйл өөрийн эрхгүй анхаарал татна. Коктейл хутгах нь хүртэл ховсдох мэт?

-Анх кино зохиолыг уншихдаа л би Эмилиг үл ялиг өөрчилж, номонд ч, зохиолд ч үгүй мартагдахааргүй дүр төрхтэй болгохыг хүссэн юм. Гэвч кино урлагт урьд өмнө олон сая удаа давтагдсанаас өөр, цоо шинэ зүйл олох хэцүү юм билээ. Эцэст нь би манай найруулагч Пол Фигийн бодит амьдралдаа баримталдаг хувцаслалтын стилийг ашиглахаар шийдсэн дээ. Гэхдээ эрэгтэй цамцны дээрх хэдэн товчийг ил тавьсан секси хувилбар биш, харин цэмцгэр гурамсан костюм, бүрэн товчилсон цагаан цамц, эрвээхэй зангиа, чагтан товч бүхий дэгжин хувцаслалт шүү.

Эмэгтэй хүний гоо сайхан, дур татам байдлыг тодруулах уламжлалт аргуудаас татгалзахыг эрмэлзсэн минь тэр. Дур булаахын тулд бүсгүй хүн заавал нүцгэн биеэ харуулах шаардлагагүй, секси байдал дотоод сэтгэлээс ундардаг гэдэгт би итгэдэг л дээ.

Пол Фигтэй улам бүр төстэй байхыг эрмэлзсэн би зураг авалтын нэг өдөр түүнээс таягийг нь гуйсан юм. Тэгээд Полыг 460 таягтайг мэдээд гайхширсан гэж! Түүний эхнэр Лора хэлэхдээ, таягны цуглуулга бөөн түвэг учруулдаг гэсэн дээ. Пол зураг авалтын талбайд таяггүй ирсэн гээд миний гуйлтыг биелүүлдэггүй шүү. Тэгэхээр нь би, “Чи намайг таягтай явж чадахгүй гэж бодоо юу? Бөгтөр эмгэн шиг харагдана гэж төсөөлөө юу?” гээд шууд нэлээд ширүүн харьцсан юм.

Гэтэл таягтай явна гэдэг жинхэнэ урлаг юм билээ. Хоёрдахь алхам бүртээ таягаа үл ялиг дээш шидэлдэг бөгөөд таягтай зөв явах дасгалыг би Полтой хамт хийж, түүний бүх хөдөлгөөнийг хуулбарлаж байсан юм. Эцэст нь тэр намайг зураг авалтад таягтай оролцохыг зөвшөөрсөн дөө.

Ер нь Пол Фигт жүжигчин бид нарт нэлээд эрх чөлөө олгосонд баярлаж явдаг. Бид чинь өөр хүн болж жүжиглэхдээ үгээ цээжилж, киноны хэсэг бүрт янз бүрээр бэлтгэдэг хүмүүс. Харин Пол бид нарт, “Зүгээр л гараад тогло” гэж шивнэн айл гэр бүл болж тоглодог хүүхэд насны гайхамшигтай мэдрэмжийг дахин төрүүлж чадсан юм.

 

-Таныг хамт кинонд тоглож байсан бүх бүсгүйчүүдтэйгээ өнөөг хүртэл найзалдаг гэж дуулсан. “Энгийн хүсэлт”-д Анна Кендриктэй мөн л дотносч найзалсан уу?

-Тэгэлгүй яахав. Анна бид хоёр нэг нэгнийхээ хумсыг буддаг байлаа. Дүрдээ зөв орж буй эсэхээ байнга зөвлөлдөж, манай киноны галзуу бурхан, найруулагч Пол Фигийн санаа бодолд нийцэхийг хамтдаа их ч мэрийсэн.

Ер нь жүжигчний хувьд Аннатай хамт ажиллах бага зэрэг айдастай байсан шүү. Авьяслаг түүнийг дараагийн хэсэгт хэрхэхийг урьдчилан таах аргагүй тул зураг авалт үнэхээр хөгжилтэй болж байлаа. Ямар сайндаа би зураг авалт бүрийн дараа нөхөр рүүгээ залган, “Өнөөдөр үнэхээр хөгжилтэй өнгөрлөө” гэж байхав.

Би анх “Шүтээн жийнсэн өмд” кинонд тоглохдоо дунд сургуульд суралцдаг, найз хөвгүүнтэй годгоносон охин байлаа. Тэр кинонд хамт тоглосон охидтой би найзлаад хэдийнэ 16 жил болжээ. Бид бүгд нөхөрт гарч, хүүхдүүдтэй болсон доо.

-“Энгийн хүсэлт” кинонд насанд хүрээд найз нөхөдтэй болох амаргүйг харуулдаг. Танд бас тэгж санагддаг уу?

-Надад найз нөхөд байхгүй ээ. /Инээв/ Би тоглоогүй шүү. Амьдралд би тийм ч олон найз нөхөдгүй. Учир нь би гэдэг хүн зохион байгуулалт муутай эв хавгүй нэгэн. Жүжигчин хүн цаг ямагт найрсаг, нийтэч, дур булаам байх ёстой. Харин бодит амьдрал дээр би бүрэг ичимхий, заримдаа олон хүний дэргэд ам нээхээс ч эмээдэг юм. Хүмүүс харин намайг буруугаар ойлгож, их зан гаргасан гэж боддог л байх. Намайг үнэндээ хуучны найз нар маань л сайн мэднэ.

-Ингэхэд, та найз нөхдөөсөө хамгийн гэнэтийн ямар хүсэлт хүлээн авч байсан бол?

-Дунд сургуулиасаа найзалсаар ирсэн бүсгүй хуримынх нь будалт, үс засалт хийж өгөхийг хүсч байлаа. Би тэр тал дээр угаасаа давгүй л дээ. Тэгээд найзыгаа хуриман дээрээ сайхан харагдахад нь чин сэтгэлээсээ хичээж, мөн маш их таашаал авч билээ.

-Шинэ кинонд нийгмийн сүлжээнд нэлээд ач холбогдол өгсөн нь анзаарагдсан. Харин та нийгмийн сүлжээнд хэрхэн ханддаг вэ?

-Нийгмийн сүлжээгээр хүүхдүүдээ хэзээ ч харуулдаггүй. Ажил дээрээ хүмүүс гэртээ байхаасаа тэс өөр шүү дээ. Үүнийг манай кинонд нэлээд судалж сонирхолтой харуулсан болов уу.

Нийгэм бүсгүйчүүдээс дотоод сэтгэл, гадаад төрхийн төгс төгөлдөр байдлыг тодорхой хэмжээгээр шаарддаг гэлтэй. Үнэн хэрэг дээрээ төгс төгөлдөр хүн гэж энэ хорвоо дээр нэг ч үгүй. Иймд бүсгүй хүн төгс төгөлдөр байх гэж хичээх албагүй гэж боддог.

-Муу дүрд тоглох хэцүү байв уу?

-Үгүй дээ. Анх удаа муу дүрд тоглосон тул зураг авалт дээр харин ч хөгжилтэй… бас амттай байлаа!

Эерэг дүрд тоглоход зураг авалтын баг тэр чигтээ хүн бүрт таалагдах дүрийг хэрхэн бүтээх вэ гэж тархиа гашилган шаналдаг. Харин эсрэг дүр бүтээхэд хүн бүрт таалагдах шаардлагагүй шүү дээ. Гэхдээ л “Энгийн хүсэлт”-ийн эсрэг дүрийн баатар муу зүйл хийсэн ч түүнийг хараад баймаар, дэмжмээр сэтгэгдэл төрөх нь бий. Бүсгүй хүн төгс төгөлдөр байх албагүй гэсэн санаа л кинонд маань яваад байгаа нь тэр. Эмэгтэй хүн оны шилдэг ээжээр шалгараагүй ч хүүхдэдээ хайртай байх нь л чухал биш гэж үү? Энэ бол надад маш ойр мэдрэмж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE