Г.Нямжав: Маркетингийн хөдлөшгүй 22 хуулийг зөрчвөл эрсдэлд унана

 “Үндэсний номын баяр -2018” энэ сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрсөн билээ. “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор зохион байгуулагдсан тус номын баярын үеэр“Амин Инвест” компаниас эрхлэн гаргасан “Очир огтлогч”, “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй”  зэрэг номууд маш их эрэлттэй байж, уншигчдын талархлыг  хүлээсэн юм. Тус компанийн хэвлэлийн газрын захирал  Г.Нямжавтай ярилцлаа.

-Танай компанийн  нэр хамгийн түрүүнд содон санагдлаа. Амин Инвест гэж чухам яагаад нэрлэх болов?

-Бүх л зүйл амьтай. Аливаа зүйлийн амин чухал үндэс нь амь байдаг. Бид өөрсдийн ажиллаж байгаа салбарууддаа  амин чухал үндэс нь байхыг бэлгэдэж компаниа нэрлэх болсон.

-Анх хэдэн онд байгуулагдсан бэ. Ямар, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай компани 2017 онд байгуулагдсан. Барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн зууч, хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Салбар бүртээ өөрсдийн байр суурийг эзлэн амжилттай ажилласаар ирлээ. Тэр дундаа сүүлийн үед шилдэг номыг уншигчиддаа хүргэх тал дээр түлхүү ажиллаж байна.

-Яагаад энэ чиглэлийг онцолж  түлхүү ажиллах болов?

-Анх “Очир огтлогч” номыг цөөн хувиар хэвлүүлж гаргасан. Гэтэл бэстсэллэрийн жагсаалтад дээгүүр байранд орж, уншигчдын эрэлт  ихтэй номын нэг болсон. Учир нь тухайн үед  Бурхны сургаалийн дагуу  бизнес, ажил амьдралаа зөв залж , түүгээр ч барахгүй  “Андин” олон улсын алмазны компанийг үндэслэн баян болсон гэвш Майкл Роүчийн бичсэнэнэхүү зохиол нь монголчуудын хувьд цоо шинэ сэдэв бөгөөд сонирхолтой, хэрэгтэй зохиол байлаа. Энэ үеэс манай компани номын чиглэлд түлхүү ажиллах болж, дахин хэвлүүлсэн бөгөөд энэ чиглэлийн номнуудыг орчуулж гаргах шаардлагын үүднээс  “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй”  номуудыг цуврал болгон уншигчдын гар дээр хүргээд байна. Дээр хэлсэнчлэн  бизнесийн амин чухал үндэс суурь болсон мэдлэгийг уншигчдад хүргэх шаардлага зайлшгүй чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэх  болсон энэ цагт зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэгийг орхигдуулаад байгааг олж харсаны үндсэн дээр  дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдийн олон жилийн  бизнесийн  амжилт, уналт, ялалт ялагдлын туршлаган дээрээ үндэслэж бичсэн шилдэг зохиолуудыг орчуулж хэвлүүлээд байна.

-Сүүлийн үед бизнесийн чиглэлээр маш олон ном зохиолууд орчуулагдан гарч байна. Маркетингийн хөдлөшгүй 22 хуульномын хувьд бусдаас онцлох давуу тал юу вэ?

-Маш олон  хүн өөрийн эрхэлж байгаа бизнесийг амжилттай  удирдаж, богино хугацаанд амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэвч бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 95 хувь нь амжилтанд хүрч чадахгүй хаалгаа барьдаг гэсэн судалгаа бий. Энэ нь тэдний зайлшгүй мэдэх ёстой мэдлэг дутсантай холбоотой. Монголд бизнес, маркетингийн чиглэлээр олон ном зохиол хэвлэгдэн гарч байгаа нь үнэн. Харин “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” ном нь дэлхийн шилдэг компаниудын болон хувь хүмүүсийн бизнесээ хэрхэн зөв удирдаж амжилтанд хүрсэн түүхийг тоймлон багцалж, зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэгийг цэгцтэй , мэдлэг болон үлдэж чадахуйц байдлаар хүргэж байгаагаараа давуу талтай юм.

-Бид номыг нэг  удаа уншаад л мартчихдаг, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор юм шиг санагддаг. Тэгвэл яавал үр дүнтэй унших вэ?

-Номыг унших нэг хэрэг, тархиндаа үлдээх гэдэг хамгийн чухал зүйл юм. Энэхүү номын редактораар  “Амин Инвест”  компаний ерөнхий захирал, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр ах ажилласан. Түүний хувьд ном бол амьдралынх нь  нэг хэсэг бөгөөд өглөө бүр нэг цагийг ямар нэг ном уншихад зориулдаг. Тэрбээр бидэнд зөвлөхдөө эдгээр  22 хуулиас өдөр бүр нэгийг унших зарчмаар 22 өдөр уншиж дуусгахыг зөвлөдөг. Мөн  уншсан зүйлээ бусдад ярьж, дэргэдэх хүнтэйгээ зөвлөж,өөртөө мэдлэг болгон үлдээж  бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүдэлэхэд бодьтой хувь нэмэр оруулахыг зааж сургасан. Бид энэ зарчмааар уншиж, маш олон зүйлийг сурсанаар өөрсдийн ажил, бизнестээ хэрэгжүүлж байна.

-Энэ номноос хүмүүсийн  олж авах хамгийн чухал зүйл юу байх вэ. Таны хувьд уншигч гэдэг үүднээс тархинд үлдсэн хамгийн чухал хэсэг юу байв?

-Маш олон бизнесийнхэн энэхүү номын талаар дүгнэснээс дурдвал “Жиант”  группын гүйцэтгэх захирал Барт Шугерман  “Маркетингийн хөдлөшгүй хуулийн тухайд миний өрсөлдөгчид битгий л олоод уншчихаасай гэж залбирмаар тийм гайхалтай ном болж чаджээ”хэмээн хэлсэн байдаг. Энэ зохиолын хувьд нэг нэгнээсээ ургаж гарсанболовч өөр өөрийн онцлог бүхий, бие даасан 22 хуультай. Эдгээр хуулийгтус бүрт нь жишээгээр тайлбарлаж бичсэнээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл эдгээр 22 хуулийг бүгдийг толгойндоо оруулаад яг, таг мөрдөж чадвал та бизнесийн эрсдэлд хэзээ ч орохгүйгээр баяжих боломжой юм. Харин эдгээрийг зөрчвөл эрсдэлд унана. Энэ бол бодит байдал юм.

Рекламны сэтгэл зүй ном хэнд зориулсан бүтээл вэ. Манайд рекламны чиглэлээр бичсэн бүтээл бараг л байхгүй санагдаж байна?

-Бараа бүтээгдэхүүн зарж борлуулах, үйлчилгээ, үйл ажилагаа эрхлэх гээд бизнес эрхэлж байгаа, бизнесийн ашиг орлогоо реклам зар сурталчилгаагаар олон хүмүүст хүргэж илүү их ашиг олохыг хүсч байгаа хэн бүхэнд зориулагдсан бүтээл юм. Энэхүү ном нь рекламны загалмайлсан эцэг хэмээн алдаршсан Дэвид Огилвийн хамгийн алдартай бүтээл бөгөөд манай улсад энэ чиглэлээр бичсэн ном зохиол, гарын авлага байдаггүйгээс үүдэн бид энэхүү номыг эх хэлнээ орчуулан гаргаад байна. Энэхүү бүтээлээс реклам зар сурталчилгааг бүтээх ажил юунаас эхлэх ёстой гэдгээс эхлээд, эцсийн бүтээл болж үзэгчдэд хүргэхэд юу анхаарах, цаашлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлж, хэрэглэгчдийн тоог тогтоон барих арга техник зэрэг рекламны амин чухал ойлголтуудыг олж авна. Энэхүү бүтээлийн тусламжтай дэлхийн алдартай рекламууд гарсан байдаг юм.

-Бизнес эрхэлж байгаа хүн бүрт маш их хэрэгтэй цуврал бүтээлүүд гарсан байна. Танай дараагийн ном хэзээ гарах вэ? Ямар чиглэлийнзохиол байх вэ?

-Тиймээ. Манай цуврал ном олон уншигчдын талархалыг хүлээж, бизнес эрхлэгч хүн бүрийн ширээний ном болж ашиг тусаа өгч байгаад бид баяртай байгаа. Дараагийн бүтээл бол дэлхийн алдартай хүмүүсийн цуврал ном гарна. Жишээ нь  Холливудын жүжигчин Эдри Хепбернийн тухай ном  редакторын хяналтруу шилжээд  байна. Амжилтанд хүрэхэд хүн бүр дардан замаар замнадаггүй. Түүний гоо үзэсгэлэн авьяас чадварын цаана маш олон саад бэрхшээл, зовлон гуниг байсан. Энэ бүхнийг хэрхэн давж туулж амжилтын оргилд хүрсэн тухай энэхүү номонд өгүүлэх юм.

-Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

SHARE