Газар нутгаа хамгаалсан заамарчуудыг дарамталж эхэлжээ

Эрүүл аюулгүй орчинд амьдрах язгуур эрхээ нэхсэн Заамарчуудын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд өнөөдөр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зарлав. Төв аймгийн Заамар суманд хууль бусаар алтны лиценз эзэмшсэн, байгаль орчин, Туул голыг бохирдуулж байгаа, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудын эсрэг нутгийнхан жил дамнан эсэргүүцэж тэмцсээр байгаа юм.

Газар нутгаа хамгаалсан иргэдийг нутгийн удирдлагууд нь дэмжин, холбогдох төрийн байгууллагууд руу хүсэлт, шаардлага уламжилсаар байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

Хамгийн сүүлд “Эрдэнэсийн эрэг”, “Эко Алтан заамар” гэх компани иргэдийг хагалан бутаргах, Төв аймгийн цагдаагийн газрын ажилтнуудаар гэрчийн мэдүүлэг авах нэрээр иргэдийг эрүүдэн шүүж дарамтлах, ИТХ-ын төлөөлөгч нарыг зохиомол хэрэгт хутгахыг оролдож байгааг хурал зохион байгуулагчид онцоллоо. Тэд үүнийг батлах хэд, хэдэн жишээг дурдав. Тодруулбал,

Жишээ 1:

Монгол Улсад рецидив гэмт явдлаараа олны танил болсон Х гэх иргэн 2017 оны 08-р сарын 6,7-ны өдрүүдэд 2 хүний хамт Заамар сумын Засаг дарга Б.Самбуугийн албан өрөөнд орж дарамталж, эрүүл мэнд, амь насанд маш ноцтойгоор заналхийлсэн байна. Тэрээр “ “Эрдэнэсийн Эрэг” бол манай компани тийм учир та нар гарын үсэг зурж, баталж л таараа. Хийгээгүй хэргийг чинь хийсэн болгож АТГ-т шалгуулна, хорино” гэжээ.

Жишээ 2:

Төв аймгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн төлөөлөгч А нь сумын нэр бүхий ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч нарыг зохиомол хэрэгт хутгах зорилгоор илтээр дарамтлан орон нутагтаа компани байгуулан ажиллаж байгаа иргэд болон тэдгээр компанийн ажилчдыг мөрдөн байцаалтын нууц гэх зүйлд гарын үсэг зуруулан өдөржин залхаан зогсоох, “Эсрэг мэдүүлэг өгөхгүй бол хорьж цагдана” гэжээ.

Жишээ 3:

Төв аймгийн прокурорын ажилтан О гэх эмэгтэй орж ирэн “Заамарын хулгайчууд өөрсдийгөө хэн гэж бодоод байна, Засаг дарга Б.Самбуу, тэргүүлэгч Б.Мөнхбат нарыг чинь хөтлөлцүүлээд шоронд хорихоор та нар яах юм”  гэжээ.

Жишээ 4:

Орон нутгаас хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Эко Алтан Заамар” ХХК-ний хууль бус үйл ажиллагааг шалгаж явсан холбогдох мэргэжилтэнг тус компанийн захирал гэх Бат-Эрдэнэ, Дашчойнхор нар нь айлган сүрдүүлсэн бөгөөд “Бидний хэн гэдгийг мэдэх үү!? маргаашаас та нар луу АТГ болон хууль хүчний байгууллагыг хөдөлгөнө, амьтан болгоно шүү” гэсэн фактуудыг тэд ярилаа.

           

  ЗААМАРТ ГАЗАР НЬ ХӨНДӨГДӨӨГҮЙ НЭГ Л БАГТАЙ

Заамар сум нь Засаг захиргааны 4 нэгжтэй. Нийт газар нутаг нь 284,207 км2 талбайтай. Тосон баг нь газар тариалангийн бүс нутаг, Төвийн баг нь суурьшлын бүс. Харин Хайлааст баг нь уул уурхайн бүс бөгөөд нийт 70000 га талбайтайгаас 52000 га буюу 74,3% нь хайгуулын болон ашиглалтын лицензтэй аж. Харин үлдсэн ганц Төмстий баг нь малчдын малын үлдсэн бэлчээр нутаг, баян бүрд болсон газар нь юм байна. Тиймээс энэ багтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүйгээр онгон байгалиар нь, бэлчээр нутаг хэвээр нь авч үлдэх зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг аж. Гэвч Заамар сумын захиргаа, иргэдийн санал хүсэлтийг харгалзахгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Төмстий багийн нутагт нь Ашигт малтмал газрын тосны газраас “Эрдэнэсийн эрэг” гэх компанид алтны лиценз олгосноос энэхүү тэмцэл үргэлжилсээр байна.

Газар нутгаа хамгаалсан нутгийнхны тэмцлийг зогсоох, мохоох гэсэн үйлдлүүд удаа дараа гардаг, төрийн дээд байгууллагууд нь ч ард түмнийхээ эсрэг зогсдог гашуун жишээ Заамар болчихоод байгааг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан жишээ бэлэхнээ харуулж байна.

Заамарчууд өнөө хэр зогсолтгүй эсэргүүцсээр байгаа, төрийн байгууллагуудыг хүртэл ард түмнийхээ эсрэг зогсооход хүргээд байгаа “Эрдэнэсийн эрэг”, “Эко алтан Заамар” гэж гэж ямар компани вэ?

              

АРД ТҮМЭН:КОМПАНИ, АМТГТ, ТӨВ АЙМГИЙН ЗДТГ

Төв аймгийн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 07-р сарын 28-ны өдрийн 01 тогтоолоор 15-н жилийн хугацаатай сумын тусгай хэрэгцээнд авсан талбайд 2017 оны 01-р сарын 13-нд Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийг /Уул уурхайн түр сургалт явуулах чиглэлээр/ үүсгэн байгуулсан байдаг юм байна. Ингээд 2017 оны 01-р сарын 24-нд Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хамтарсан 41 тоот албан бичгээр Заамар сумын Төмстий багийн нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулах дэмжлэг хүсэх тухай  албан бичгийг УУХҮЯамны сайд Ц.Дашдоржид уламжилжээ.

Үүний дагуу АМГТГ-ын дарга Д.Баатарцогтын 2017 оны 07 сарын 24-ний өдрийн А/124 тоот тушаалаар хаалттай сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эрдэнэсийн эрэг” ХХК-д Төмстий багийн нутагт XV-020880 дугаартай 15541,08 га талбайг олгожээ.

Нутгийн ганц баян бүрд, малын гол бэлчээр нутаг болсон газарт нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсонд нь иргэд эсэргүүцэн босч удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулснаас гадна Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. “Эрдэнэсийн эрэг” компани шүүх хурал болохын өмнөх өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар талбайн хэмжээг багасгуулж лицензэт талбайгаас 3946,91 га болгосон гэж байгаа. Нэгэнт хэрэг маргаан үүсч шүүхийн тов зарлагдаад байхад асуудлыг ингэж өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Заамар сумынхан Төмстий багт нэг га талбайд ч ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхгүй хэмээн гомдлоо үргэлжлүүлэн шүүхэд гаргаснаар шүүхийн ажиллагаа үргэлжилсээр байна.

                 

ЯАМНААС ДЭЭГҮҮР МЭДЭЛТЭЙ АГЕНТЛАГИЙГ ЯАХ ВЭ?

Заамарт зөвхөн “Эрдэнэсийн эрэг” гэх компани хуулийг гууль болгож нутгийнхныг басамжилдаг юм биш. “Эко алтан Заамар” гэх бас нэг компани бий аж. Төв аймгийн Заамар сумын Хайлаастын 3-р багийн нутаг, Их тохойрол гэх газарт MV-007712 дугаартай 2534 га талбай эзэмшдэг компани. Бас л нутгийнхны уул уурхайн урт савартнуудаас хайрлаж хамгаалж ирсэн газар нутаг учраас лиценз олгохыг эсэргүүцэж олон удаагийн жагсаал цуглаан, хөдөлгөөн өрнүүсний хүчинд БОАЖЯ-наас лиценз цуцлах хүсэлтийг өнгөрсөн 7-р сарын 16-нд АМГТГ-т хүргүүлжээ.

Хууль ёсоор бол ерөнхий чиг үүргийн яамнаас өгч буй шаардлага, дүгнэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үг дуугүй дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл бүр хачин жигтэй явдал болж, ерөнхий чиг үүргийн яамны өөдөөс “Лиценз цуцалж чадахгүй” гэсэн хариултыг АМГТГ-ынхан өгөөд байна. Тодруулбал, АМГТГ-ынхан лиценз цуцлах бус БОАЖЯ-нд хариу бичиг шидилжээ. Тус албан бичигт “MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн баримт материалыг хянан үзнэ үү” гэжээ.

Одоогоор энэ асуудалд шийдэл гараагүй, БОАЖЯ-наас хариу тайлбар өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс Заамар сумын багийн иргэдийн нийтийн хурлаас томилсон хууль бус лицензийг цуцлуулах ажлын хэсгээс БОАЖЯ-наас хариу тайлбар ирүүлэхийг хүсч байгаагаас гадна УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Улсын ерөнхий прокурорын газарт хандахаар болжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE