Дэлхийн ууган кино наадам Венецид 75 дахь удаагаа болж байна

Кино урлагийн ууган кино наадмыг 1932 оны есдүгээр сард анх удаа Венецийн урлагийн биенналегийн хүрээнд зохион байгуулж байсан түүхтэй. Энэ жил 75 дахь удаагаа болж буй тус кино наадамд шалгарсан 21 дэлгэцийн бүтээлээс Мексикийн алдарт найруулагч Гильермо Дел Торо тэргүүтэй шүүгчид шилдгийг нь зарлан тунхаглах ажээ.

Гильермо Дел Торо өнгөрсөн жил тус наадмын тэргүүн шагнал “Алтан арслан”-г “Усны хэлбэр” киногоороо хүртсэн билээ. Энэ удаагийн Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Австрийн Кристоф Валц, Английн Наоми Ваттс, Данийн Трине Дүрхолм, Тайванийн Силвиа Чанг, Францын Николь Гарсиа зэрэг жүжигчин бүсгүйчүүд,  Шинэ Зеландын Тайка Вайтити, Польшийн Малгожата Шумовская зэрэг найруулагч эмэгтэйгээс гадна Италийн найруулагч, зохиолч Паоло Женовезе нар багтсан байна.

Венецийн кино наадмыг саран дээр анх хөл тавьсан АНУ-ын сансрын нисгэгч Нейл Армстронгийн тухай “Анхдагч” (“First Man”) кино нээжээ. Тус киноны найруулагч нь “Ла Ла Лэнд” мюзиклээр өнгөрсөн жил “Оскар”-ын шагнал хүртсэн АНУ-ын Дамьен Шазелл юм. Нейл Армстронгийн дүрд Райан Гослинг тоглосон байна.

Энэ удаагийн Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд давамгайлсан ч цорын ганц эмэгтэй найруулагч, Австралийн Женнифер Кет “Гургалдай” (“Nightingale”) бүтээлээрээ шилэгджээ. Шилдэг киноны төлөө түүнчлэн Мексикийн Алфонсо Куароны “Ром”, Английн Пол Гринграссын “Долдугаар сарын 22” (“22 July”), Германы Флориан Хенкел вон Доннерсмаркийн “Хэзээ ч эргэж бүү хар” (“Never Look Away”), Италийн Лука Гуаданиногийн “Суспириа” (“Suspiria”), АНУ-ын ах дүү Жоэл, Этан Коэн нарын “Бастер Скрагссын дууль” (“The Ballad of Buster Scruggs”), Францын The Sisters Brothers Японы Шинья Цукамотогийн “Егүүтгэл” (“Kiilling”) зэрэг дэлгэцийн бүтээл өрсөлдөж байгаа аж.

Венецийн кинонаадмын “Алтан арслан” шагналын эзэд энэ сарын 8-нд тодрох юм.\

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE