УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг нар  уул уурхайгаас ашиг хүртэгч биш гэдгээ хэлжээ

“Төлсөн Авсанаа Нийтэл” буюу “ТАН” эвслийнхэн өнөөдөр /2018.8.30/ Үндсэний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаалд өмнө болон одоо ажиллаж байгаа 175 хүнд Монгол Улсын уул уурхайн салбарт хамааралтай эсэхийг асуусан захидал илгээсэн байна.

Хариуг нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн,  Засаг дарга 12, ИТХ-ын дарга 13 зэргээр 31 хүн л хариу ирүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг нар  захидлын хариуд “Бид бенефициар өмчлөгч биш” гэсэн байна.

Бенефициар өмчлөгч гэдэг нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) хэлж буй ажээ.

Цаашид АТГ-ын ХОМ-ийн мэдээллийг олон улсын стандартад нийцсэн маягтаар мэдээллийг нарийвчлан авах шаардлагатай гэдгийг тэд нэмж хэлсэн. Мөн хуульд эцсийн ашиг хүртэгч, эс хүртэгч, шууд болон шууд бусаар хүртэгч  гэдгээ ХОМ-т тусгаж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа “ТАН” эвслийнхэн хэлж байв.

“ТАН” эвслийнхэн уул уурхайгаас  ашиг хүртэгч  жинхэнэ эздийг ил болгохоор 20-иод жил ажиллаж байгаа гэнэ. Тэд “Олборлох салбарын ил тод байдал санаачлага”-д 2006 онд нэгдсэнээр Монгол Улсын уул уурхайгаас ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ил тод болгохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE