“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн 2018 оны 1-р хагас жилийн ажлыг дүгнэсэн удирдах хорооны хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон 2017-2020 онд 2 үе шаттайгаар эхлүүлсэн  “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ”  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн,  Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан удирдах хороо болон 4 дэд ажлын хэсэг бүхий техникийн ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар  2018 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл, чанарын түвшин, цаашид хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр Монгол улсын хүн амын дунд хепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилгын хүрээнд дараах 4 үндсэн  зорилт,  үйл ажиллагааны 67 чиглэлтэйгээр хэрэгжиж байна.

  • Зорилт 1. Хүн амыг хепатитын вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
  • Зорилт 2. Үндэсний хэмжээнд хепатитын вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
  • Зорилт 3. Хепатитын вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдарын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.
  • Зорилт 4. Хепатитын вирусын халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төр  , төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар элэгний В, С вирусын халдварын илрүүлэг 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт 45,3%-тай байна. Элэгний В, С вирусын халдварын илрүүлэг  болон  баталгаажуулалт, вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг  Австралийн олон улсын гадаад хяналтын чанарын баталгаажуулалтын  сүлжээнд нэгдэн орж хэрэгжүүлж байгаа нь орон даяар чанарын нэг түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн Элэгний В вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг ЭМД-аар хийлгэх ажил 2018 оны 08 дугаар сарын 01-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн ба вирусын эсрэг эмчилгээний бэлдмэлийг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох ажил үргэлжилж байна. Элэгний С вирусын халдварын эмчилгээнд вирусын генотипээс үл хамааран үйлчлэх шинэ эмийн бэлдмэлийг улсын бүртгэлд шинээр авч, ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох боломжийг бүрдүүлсэн.
Монгол улсын энэхүү туршлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын зүгээс хүн амыг нийтэд нь хамарсан илрүүлэг, оношилгоо, эмчилгээг хамтад нь цогцоор нь шийдвэрлэж буй үндэсний хэмжээний тэргүүн туршлага болсон ажил болж байгааг өндөрөөр  үнэлж байгаа билээ.

SHARE