Бид нэг их мастераа Францад алдах юм биш биз?

Шатрын олон улсын Их мастер А.Энхтуулд Францын клуб өөрийн нэрийн өмнөөс тоглох санал ирүүлжээ. Энэ юу  гэсэн үг вэ гэвэл,  тус улс  түүнд өөрийн  иргэншлийг  санал болгож байна гэсэн үг юм.

Ер нь бол Кувейт, Тайланд, Арабын нэгдсэн Эмират  зэрэг улс  дэлхийн топ шатарчдыг өндөр цалинтайгаар  нутагтаа урьж ажиллуулах, тэднээс суралцахыг гол болгодог. Тэгвэл Франц  улс өөр юм. Тус улс зөөлөн бодлогоороо алдартай. Дэлхийн нэртэй шатарчдад өөрийн  клубуудээр дамжуулан  халз тоглолтод урих, олон шатлал бүхий тэмцээнд оролцохыг санал болгон зардлыг нь даах, клубуудын хоорондох тэмцээнд өөрийн нэрийн өмнөөс тоглох зэрэг саналыг тавьдаг.

Клубуудын нэрийн өмнөөс тоглох саналыг хүлээж авсан тохиолдолд 1-2 жилийн гэрээ хийдэг байна. Үүний дараа шууд иргэншлээ санал болгодог. Францад шатрын олон улсын их мастерууд , топ шатарчид нь шатар тоглохоос өөр ажил эрхэлдэггүй гэхэд болно. Зөвхөн шатар тоглосныхоо төлөө тэд улсаасаа өндөр цалин хангамж аваад сууж байдаг. Гэтэл манайд төсөв зардалгүйн улмаас Шатрын шигшээ багаа татан буулгачихсан.

Шатрын холбоо гэж байдаг ч сүүлийн үед  үзэмжээр үйл ажиллагаа явуулах болсон гэх шүүмжлэл өрнөж байгаа. Манай улсад шатрын Олон улсын их мастер ес байдаг ч тэмцээн, уралдаанд оролцоход төрийн зүгээс зардал мөнгөөр дэмждэггүй юм байна. Эдгээр бэрхшээлээс үүдэн Их мастеруудаа алдах эрсдэл нүүрлэж байгаа юм биш биз.

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE