У.Хүрэлсүхээр туг тахисан Ерөнхийлөгчийн төлөвлөгөө

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тусгаар тогнолын ордны бүх гэрэл асаалттай байсан гэдэг. Бүгд ялалт байгуулснаа тэмдэглэж суусан нь тэр биз. Гэвч МАН-ын ялалт удаан үргэлжилсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдаж, Х.Баттулга ялснаас тэдний баяр хөөр, хэрүүл, хагарлаар солигдож, хоорондоо битүүхэн “зодоон” хийх болсон.

Энэхүү “зодоон”-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын Засгийг унагааж “АН-ыг босгох” зорилгоор хийж байгаа тухай учир мэдэх хүмүүс ярилцаж байна. Тодруулбал, Х.Баттулга Ерөнхийлөгч болсон даруйдаа У.Хүрэлсүхээр “зэвсэглэж”, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаав. Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө бүрэн гүйцэд биеллээ олоогүй учир У.Хүрэлсүхээр туг тахихаар шийдсэн бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн туйлын хүсэл нь Засгийн газрын эрхийг АН-д өгөх явдал юм. Тиймдээ ч одоогийн Засгийн газрыг унагаахаар сөрөг хүчин нэлээд хүчтэй байр суурь илэрхийлж байгаа. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцрох тухай ч яриад амжсан. Нөгөөтэйгүүр сөрөг хүчин У.Хүрэлсүхтэй сандал, суудлын зөрчилдөөн үүсгэсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Мөн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нэг удаа Ерөнхийлөгчтэй уулзаж тусламж эрсэн сурагтай. Тэрбээр Ерөнхийлөгчөөс “Дүүгийнх нь байдал хэцүүдчихлээ. Би яах вэ, ах аа” хэмээн асуугаад амжжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэл амнаас холуур чимээгүйхэн байж байгаад МАН-ын Засгийн газрыг унагаах юм бол би чамайг УИХ-д эргүүлээд оруулна” гэх утгатай яриа болсон тухай сурвалж мэдээлсэн юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн боловсруулсан төлөвлөгөөнд “дүүдээ” өгөх дүр байсангүй.

Ямартай ч Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний гол дүр солигдож, Л.Оюун-Эрдэнэ гишүүн гүйцэлдүүлэхээр зүтгэж явна. Тэрбээр нэлээд хугацаанд МАН-ыг муухай харагдуулах бүхий л зүйлийг “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбож тайлбарлаж байгаа. Ингээд ч зогсохгүй Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ч яриагаар үргэлжиж буй. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгчийн МАН-ыг дотроос нь хагалж унагах гэсэн төлөвлөгөө 50 хувьтай л явж байгаа болов уу. Үлдсэн хугацаанд МАН-ыг баалсаар байх уу, унагах уу гэдэг л үлдэж байх шиг байна. Унагалаа ч МАН-ыг АН-аар солиод өөрчлөгдөх зүйл үгүй. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар хэвээр гэгч болно байлгүй.

 

Эх сурвалж: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12221

SHARE