Ч.Сайханбилэг Армандо Торрестой уулзжээ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголынхоо шоронд хоёр сар хоригдсон.

Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2015 оны тавдугаар сарын 18-нд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээх зүйлд Дубайд очиж гарын үсэг зурсан байдаг.

Дубайн гэрээ хэмээн нэрийддэг болсон энэ асуудлын улмаас хууль хяналтын байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Үүнийг эсэргүүцдэг улстөрчид тухайн үед “Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т  зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ.  Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” гэж ярьж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж буй асуудал ямар шатандаа яваа, бас Дубайн гэрээг манай хууль хяналтынхан хэрхэн үзэж буйг олон нийт сонирхсоор байгаа юм.

Юутай ч бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2018 оны тавдугаар сарын 10-нд шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад суллагдсаныхаа дараахан “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой Улаанбаатар хотын төвд уулзжээ.

Тэд чухам юу ярьсан нь мэдээж нууц. Харин тус компанитай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан шалтгаанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т шалгуулах болсон юм.

Тэрээр тэр уулзалтаас хойш агаар салхинд гарч, биеэ тэнхрүүлсэн  шиг яваа юм байна.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE