Зам тээврийн сайд огцрох энүүхэнд, Засгийн газар ч үлдэхэд бэрх

Зүгээр ажиллаж байгаа Засгийн газрыг л унагана гэж дайраад амар заяаг нь үзүүлдэггүй. Тэгвэл энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газар “Унахгүй, гүрийнэ” гэх аргагүй болж байна.

Найр наадмын улирал эхлэхтэй зэрэгцээд шатахууны үнэ нэмэгдсэн. Одоо дээд тал нь 300 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Ерөнхий сайд биш юм гэхэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нарыг шуудхан “онхолдуулах” шалтгаан. Шатахууны үнэ дагаад монгол хүний амьдрах өртөг шууд нэмэгддэг. Харин чадавх суларна. Гэтэл төр чив чимээгүй.

Төмөр замын осол саяхан гарч, амралтын улирал тулдаа намдаа, намжаад сураг алдрах шахсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ЗТХЯ-ны газрын дарга нар яамныхаа байранд архидаж, яамныхаа байранд нэгийгээ хөнөөв. Энэ дуулианаас сэхээ авч амжаагүй байтал Улаанбаатараас Сайншанд орохоор өчигдөр 21:08 цагт хөдөлсөн 286 дугаар галт тэрэг Дорноговь аймгийн Айраг сумын нутагт онхолдлоо.

Дэр мод нь сугарч, төмөр зам нь урссан гэх тайлбартай энэ ослын улмаас маш олон зорчигч насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болохоор болж байх шиг байна.

Ерөөс энэ бүгдийн эцэст ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ огцрох нь тов тодорхой болж байна. Тэрээр өнөөдөр энэ салбарын сайдын хувьд сүүлийн томилолтоо өвөртлөөд Дорноговийн Айраг сумыг зорих шиг боллоо.

Ийн Ж.Бат-Эрдэнэ сайд огцрох нь энүүхэнд, У.Хүрэлсүхийн Засгийн газар ч үлдэхэд бэрх боллоо.

Эх сурвалж: www.news1.mn Ө.ГОМБО

 

 

 

 

SHARE