Киргиз улсын Онцгой байдлын яамнаас талархал ирүүллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Тус хуралд  Бүгд Найрамдах Киргиз Улсаас Онцгой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Мамбетов Азамат Муратович тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Тэгвэл Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны сайд Н.С.Мирзахмедовоос талархал ирүүлсэн байна. Тэрээр талархалдаа, “Эрхэм хошууч генерал Т.Бадрал танаа, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэхийн ялдамд манай улсын төлөөлөгчдийг халуун дотноор зочилж, хүлээн авсанд Танд болон танай нийт хамт олонд Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Мөн бага хурлын үеэр санал солилцсоны дагуу цаашид манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэж байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” маш сайн зохион байгуулагдснаас гадна гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон үр дүнтэй хурал боллоо. Гамшгаас хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаа нь Монгол, Киргизийн ард түмний сайн сайхны төлөө хийгдэж буй чухал алхам гэдгийг дурдмаар байна.

Манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бидний нөхөрлөл цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

SHARE