Сүгсэлзэх хэрэггүй, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ээ!

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өчигдөр /2018.5.24./ Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болж, оронд нь очих гэсэн оочер МАН-д үүсээд байгаа бололтой.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн нэр өчигдөр дуулдсан.

Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө цахим хуудаст “…Намайг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргад хамгийн их сонирхолтой хүн гээд бичиж. Үнэнийг хэлэхэд надад энэ албан тушаал дээр очих ямар ч сонирхол байхгүй. Энэ тухай бодож ч байсангүй. Миний хувьд дэд даргаар томилогдоод гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Төрийн нэр хүндтэй энэхүү албаа нэр төртэй хашиж, хариуцаж байгаа ажил бүхнээ хүний төлөө хийж бүтээх зорилготойгоор ажиллаж байна. Албан тушаал гэдэг өөрийн бус өрөөлийн төлөө хичээн зүтгэх хариуцлага гэж ойлгодог” гээд бичжээ.

Бас л горилогсдын нэг бололтой.

Гэхдээ энэ залуу нэг шат ахихыг хүсч байгаа бол PR-аа мундаг тэнэг хийж байна. Тэрээр “…Тус салбар хуралдаан дээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Лхагважаваас би шаардсан. Одоо дахин шаардахад авлига авсан сайд нараа олон нийтэд зарлаж, холбогдох байгууллагад нь мэдэгдэнэ үү! Мөн энэхүү салбар хуралдаан телевизээр шууд явсан. АТГ энэхүү мэдэгдэлийн дагуу байцаалт авах хэрэгтэй. Яриад орхих сэдэв биш! Залуучууд минь уриалаад өгөөрэй.  Бид ингэж байж үнэт зүйлсээ хамгаална. Бид ингэж байж нийтээрээ сайхан амьдрах нийгмийг бүтээж чадна” гэсэн байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэд хоногийн өмнө “…1992 оны Үндсэн хуулиас хойш би Монгол Улсад төлөх ёстой бүх татвараа төлж яваа хүний хувьд аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн яриах ёс зүйн эрхтэй гэж боддог. Сүүлийн дөрвөн Засгийн газрын 30 сайдын ихэнхийнх нь ямар авлига яаж авч байсныг би мэднэ” гэж хэлжээ.

Б.Лхагважавын хэлсэн үгэнд гайхахгүй байна. Тэр бол хариуцлагатай хүн. Тэгээд бас энэ асуудлыг шалгадаг газар нь шалгаад тогтоож таарна. Харин ингэж хэлсэн хүнд өсөрхөж, бусдыг уриалж гүйгээд байгаа Б.Бат-Эрдэнийг ойлгосонгүй.

Энэ хүн уг нь ЗГХЭГ-ын дарга болоод гурван сар болж байгаа. Тийм болохоор сүүлийн дөрвөн Засгийн газрын сайд нарыг өмөөрч ийм уриалга гаргаж, үг хэлсэн хүн рүү дайраад байна уу. Аль эсвэл Б.Лхагважавыг авлига авсан сайд нараа яаралтай зарла гээд байгаа юм уу. Юутай ч сайд нарын авлига гэж ярьсан. Б.Лхагважав энэ залуугийн уурыг ихэд хүргэсэн байна.

Ер нь бол аль ч намын улс төр хийх гээд товойж тодорч чадахгүй байгаа залууст нэг зан байдаг юм. Тодрохын тулд хэн нэгнийг барьж авч зууралдах ёстой болдог шиг байгаа юм. Үйл ажиллагааг нь шүүмжилнэ, өднө, бүр шанаадалцана.

Магадгүй, Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болохыг хүсээгүй байж мэднэ. Бас Товойж тодрохын тулд Б.Лхагважавтай зууралдаагүй ч байж болно.

Харин түүний энэ үйлдлийг сүгсэлзэх гэдэг юм. Утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баатар нэгэн бүтээлдээ “…Өнөөгийн Монголын утга зохиолд “сүгсэлзүүр” гэдэг нэгэн нэр томьёо бий болжээ. Яруу найрагч болж чадаагүй байж өөрийгөө тэргүүн зэргийн яруу найрагч гээд зарлаж яваа хүмүүсийг ийнхүү өхөөрдөж “сүгсэлзүүр найрагч, сүгсэлзүүр зохиолч” гэх болжээ. Уг нь иймэрхүү хүмүүсийг ардын цэцэн ухаанаар болбол “Бяруу болоогүй байж бухын баадлаар баагч” гэж нэрлэдэг байлаа. Гэтэл ийм сүгсэлзүүр нь нэлээд чадамгай уран зохиолчийн эдэлж чадаагүй цол хэргэмийг хүртчихсэи, соёлын гавьяат зүтгэлтэн мэт болчихсон яваа ч тааралдах юм. Сүгсэлзүүр элбэгшчихсэн чинь, өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс олширчихсон чинь жинхэнэ уран зохиолчийг доош даран жийж, сүг уран уран зохиолч сэг хийтэл манддаг болжээ” гэж бичсэн  байдаг. Энд бичсэн утга зохиол гэдгийг улс төр гээд хөрвүүлээд уншчих. Толгойд чинь жижигхэн ч гэсэн “юм” орно. Тэгээд ч ийм том албан тушаалд оччихоод энэ мэтийн жижиг PR хэрэггүй. Бас засгийн ажил зав багатай байх нь тодорхой. Тийм учраас хайран цагаа ийм яайрин зүйлд үрэх хэрэггүй. Үүнийг нөхөрсөг зөвлөгөө, бас шүүмжлэл гээд ойлгочих.

Өө тийм, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав мундаг хүн. Тэр хүн хэлснээ өөрөө нотолчихож дөнгөх биз ээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE