“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран  зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль эхэллээ.

Дадлага сургуульд  ОБЕГ, ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Дата төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, МҮОНРТ, Монгол шуудан Монголын цахилгаан холбоо, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Монвсат нэтворк ХХК, болон Монгол HD,  Улаанбаатар телевиз, MGL радио 102,1 зэрэг 16 байгууллагын 80 орчим  мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож, дадлага, сургуульд амжилт хүслээ.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлох, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулах зорилготой тус дадлага сургуулийн үеэр Мэдээлэл, харилцаа холбооны алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгахаас гадна гамшгийн аюулын нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхой болгох чиглэлээр санал солилцоно.

Мөн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед үүрэн телефон холбоо тасрах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын оновчтой шийдлийг гаргах, удирдлага, зохион байгуулалтыг тодорхой болгож, цаашид гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгаж ажиллах юм.

Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн хоёр  жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1,3-2,1 дахин өссөн бол 2017 онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа тохиолдож, 21 удаагийн газар хөдлөлт нь томоохон хот, суурин газрын оршин суугчдад мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхйи  газраас мэдээллээ.

SHARE