ӨВӨӨГ АЛУУЛСАН ХҮН /дурсамж/

Эмээдээ эрхэлсэн банди нар ямар байдаг билээ, би тийм л байв. Хичээлээ тараад орж ирүүтээ нэг их гавьяа байгуулсан, дайн дажнаас эсэн мэнд эргэж ирсэн хүн шиг л “Хөөе эмээ, өлслөө, цангалаа. Тийм юм идье, ийм юм ууя” гэнэ. Гэтэл нэг өдөр хичээл тараад иртэл эмээ намайгаа урьдын адил уруул дэвсэн угтсангүй. Эрхлэх гэтэл -Байж цаашаа гээд шууд өрөөнд минь оруулаад, хаалгыг нь хаачихлаа.

Эмээ гал зуухны өрөөндөө эргээд оров. Тэнд нэг хүнтэй хэрэлдээд ч байгаа юм уу гэлтэй чанга чанга яриад байх юм. Чухам юу яриад байгаа нь үл дуулдана. “Гүнгүнгүн” гэх эрэгтэй хүний дуу гарч, хариуд нь эмээ “жонжонжон” гээд л. Унд цайг өрөөнд минь авчирч өгөөд эмээ надад ганц ч үг хэлэлгүй эргэн очиж, тар тур хийсэн яриагаа үргэлжлүүлж байна. Тэгж тэгж хүн явах чимээнээр би цухуйлаа. Саарал цувтай бүдүүн хар хүн намайг хяламхийж харчихаад, гэрийн үүд саваад алга болов.

Зөрөөд гал зууханд орвол эмээ жижиг сандал дээр бөгтийчихсөн, уйлаад сууж байна. Намайг хэсэг зуур тэвэрч, нулимсаа урсган суух зуураа “Аюур өвөөг нь шоронд хийсэн хүн гээ…” гэлээ. Би тэр хүнийг зүс үзсэн байв. Хичээл тараад харих, гадаа тоглох үед ганц нэг тааралддаг байсан. Хүнсний том цүнх, эсвэл тор барьчихсан явж харагддаг хүрэлгэр царайтай, хөгшин, бүдүүн эр. Ингээд маргааш нь итгэлт найз Акалядаа хэллээ. (Одоо энэ “Сансар” кабелийн ТВ-ийн гүйцэтгэх захирал Энхжаргалд бага байхад нь гэрийнхэн нь яагаад ч юм ийм нэр хайрлаж. Коля биш Акаля. Хаанахын, юу гэсэн утгатай үг юм, бүү мэд ч найзыгаа бүх насаар нь бид ийн дуудлаа) “Өвөөг шоронд хийлгэж алуулсан хүнийг би мэднэ. Хоёулаа хойноос нь мөрдье” гэлээ.

Ингээд нэг өдөр мөнөөх тор барьсан хүн явж байхаар нь бид хоёр дагалаа. Тэрбээр тороо санжигануулан сажилсаар, одоогийн Энхтайван найрамдлын ордны зүүн талд байх Тавин мянгатын нэг байранд яваад орчихов. Энхжаргал араас нь шурдхийн дагаж ороод, гарч ирэхдээ “Хоёр давхрын баруун тийш харсан хаалга…” гэв. Миний сэтгэлд өшөө авах хүсэл бадарна. Өвөөг минь шоронд хийлгэж алуулсан хүнээс бүр цусан өшөө авах юм шүү гэж дотроо шүд зуун тангараглана. Уншсан элдэв ном зохиолоосоо л ийм нэр томъёотой болсон хэрэг. Харин тэр өшөөгөө яаж авах байсан юм, бүү мэд. Дэмий л өнөө бүдүүн ахыг байсхийгээд мөрдөж, дагадаг болов.

Гэтэл нэг өдөр хичээлээ тараад иртэл эмээ “Өвөөгш матхан бүдүүн матаас үхжээ” гэв. Би гэрээсээ годхийн гарч, Тавин мянгат руу чавхдан хүрэв. Бүдүүн нөхрийн орцны үүдэнд монгол гэр барьжээ. Хурим хийх, хүн нас барах хоёрт л орон сууцны гадаа гэр барьдгийг би мэддэг болсон байв… Сүүлд дуулснаар тэр бүдүүн эр эмээтэй маань суух гэж өвөөг Дотоод яаманд матсан байж. Өвөөг шоронд орж, хэлмэгдсэний дараа дэр нэгтгэе гэж эмээг маань их шалсан гэсэн. Аятайхан, сайхан бүсгүйчүүдийн нөхрийг хилс хэрэгт гөрдөж далд оруулаад, эхнэрийг нь булаан авдаг явдал 30-аад оны тэр бурангуй цагт нэг биш гардаг байсан гэдэг. Харин тэр хүний нэр ус, энэ тэрийн талаар олон удаа асууж шалгаасан ч эмээ нууцаа бүрэн хадгалсаар бурхан болсон доо, хөөрхий…

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн БАЯР /2016 он/

SHARE