ЖАЙКА-гийн зөвлөхүүд “Aхисан шатны олон улсын татвар” сэдэвт сургалтыг явууллаа

Монгол Улсын Татварын ерөнхий газар, ЖАЙКА Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017-2020 он хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр  “Ахисан шатны олон улсын татвар” сэдэвт сургалтыг Татварын ерөнхий газрын Сургалтын танхимд явууллаа. Сургалтад хамрагдсан татварын улсын байцаагч нар групп болон хуваагдаж, кэйсүүд дээр ажиллах маягаар үргэлжлүүллээ. Хичээлийг төслийн зөвлөх Кодера Тошинари, Ишигүро Хидеакий нар удирдан явуулсан бөгөөд ЖАЙКА Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато сургалтын явцтай танилцсан юм.

Хоёр улсын хамтын ажиллагаа нь манай улсын нийгэм, эдийн засгийн олон салбаруудад амжилттай хэрэгждэг бөгөөд ялангуяа татварын удирдлагыг боловсронгуй болгох чиглэлд үр өгөөжтэй хэрэгжиж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр татварын удирдлагыг хэрэгжүүлэх орчин улам нарийн түвэгтэй болж байгаа бөгөөд энэ өөрчлөлттэй нийцүүлэн татварын удирдлагыг боловсронгуй болгох, татварын байцаагчдын ур чадвар, мэдлэгийг тасралтгүй сайжруулах асуудал чухалд тооцогдож байгаа аж.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ЖАЙКА Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас 1998 оноос хойш хэрэгжүүлсэн төслүүд зохих үр дүнгээ өгч татварын албанд татвар төлөгчдөд нэг цэгээр үйлчилгээ үзүүлэх болон утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ нэвтрүүлэн, хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл цуглуулах, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж, татвар хураалт, өрийн удирдлага, татварын хяналт шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж, татварын улсын байцаагчдыг сургах бүсийн сургалтын төвүүдийг байгуулан, татварын улсын байцаагчдад зайн сургалт хийх болон дунд сургуулийн сурагчдад татварын боловсрол олгох хөтөлбөр болон сургалтын материалуудыг боловсруулан нэвтрүүлжээ. Харин 2014 оноос хэрэгжүүлж байгаа долоо дахь төслийн зорилго нь “Олон улсын татварын чиглэлээр Монголын татварын албаны чадавхийг бэхжүүлж, татвар хураалтын үйл ажиллагааг  сайжруулах”-д чиглэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын татварын талаар мэдлэг олгон, татварын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах, олон улсын татвар ногдуулалтын үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх, Монгол Улсын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм байна.

Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын татварын асуудлаар татварын албаны чадавхийг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийгдсэн бөгөөд давхар татварын гэрээ, түүний хэрэгжилт, үнэ шилжилтийн тухай ойлголт, арга зүйн асуудал, мэдээлэл харилцан солилцох, гадаад ажил гүйлгээнд хяналт шалгалт хийх зэрэг сэдвээр хийсэн 17 удаагийн сургалтад давхардсан тоогоор 588, Япон Улсад 83 татварын улсын байцаагч хамрагдаад байгаа гэнэ. Мөн татварын өрийг үүссэн даруйд нь татвар төлөгчдөд мэдэгдэн тэдгээрийг цаашид их хэмжээний алданги, торгууль төлөх эрсдэлээс сэргийлж хуулийн хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх үүрэг бүхий үйлчилгээний төвийг байгуулан ажилтнуудыг нь сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, ЖАЙКА Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага нь татвар хураалт, олон улсын татварын асуудлаар Татварын хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох зөвлөмж өгч, зарим арга зүйн баримт бичиг боловсруулах ажилд туслалцаа үзүүлж байгаа аж.

SHARE