Жорж Лукас: Би зорилгоосоо ухралгүй мөрөөдөлдөө итгэснийхээ ачаар “Оддын дайн”-ыг бүтээж чадсан

Уран зөгнөлт “Оддын дайн” цуврал киноны бүхэл бүтэн ертөнцийг зохиосон Холливудын алдарт кино найруулагч Жорж Лукас тус киног анх хэрхэн бүтээж, ямар их саад бэрхшээлтэй учирснаа хожим ингэж дурсан ярьжээ.

-Би “Оддын дайн”-ы кино зохиолоо Холливудын бүх студид илгээсэн боловч нэг ч студид таалагдаагүй. Студийнхэн үзэгчид уран зөгнөлт кинонд дургүй, “Оддын дайн”-ыг хүүхдүүд л үзэж сонирхохоос цаашлахгүй гэж байв.

Нэлээд хөөцөлдсөний эцэст нэг продюсер миний киног санхүүжүүлэхээр болсон юм. Гэвч түүнд кино зохиолын өрнөл мөн л таалагдаагүй. Тэр өөрийн дараа дараагийн кинонуудаа надаар найруулж хийлгэхийн тулд л “Оддын дайн”-ыг минь санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн дээ.

Зураг авалтад хүрэлцэх нь ч эргэлзээтэй маш их танасан төсвийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт надад байгаагүй. Миний цалинг 300 хувиар бууруулахад ч татгалзаагүй.

Эхнээсээ л “Оддын дайн”-ы төсөл бүтэлгүйтэн дампуурах шинжтэй байлаа.  Холливудад тэр үед тусгай эффектийн мэргэжилтнүүд байсангүй. Иймд би бүхэл бүтэн визуал студийг цоо шинээр байгуулахад хүрч билээ.

Манай зураг авалтын багийн электрон тоног төхөөрөмж хэвийн ажиллахгүй, байнга гацаж доголдож, эд хогшил эвдэрч, ажилтнууд болон жүжигчид бэртэж байлаа. Зураг авалт эхлээд долоо хоносны дараа маш хүчтэй хуй салхи дэгдэн тоног төхөөрөмжүүдийг эвдэлж хэмхэлсэн дээ.

Бид нарт нэмэлт ямар ч мөнгө байхгүй тул өөр кинонуудын эд хогшил, хувцас өмсгөлийг олж ашиглаж байв. Киноны янз бүрийн хэсгийн дүрс авах тохиромжтой газар олохын тулд би хогны цэгүүдээр мөн ч их тэнүүчилсэн дээ. Ядаж байхад зураг авалтын баг илүү цагаар ажиллахаас татгалзах болсон юм. Тэгээд ч тэд нарт авч буй зүйл нь ер таалагдахгүй байгааг би сайн ойлгож мэдэрсэн. Бараг бүх жүжигчид “Оддын дайн”-ыг бүрэн бүтэлгүйтэж дампуурна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан юм.

Хэдий тийм ч би өөрийнхөөрөө зүтгэн зураг авалтын ажлыг дуусгахыг мэрийсэн. Киноны эхлэлийн текстийг өөрийн бодсоноороо үлдээхийн тулд би торгууль төлж, Найруулагчдын гильдийн гишүүнчлэлээс татгалзах шаардлага ч тулгарсан.

Би үнэндээ мэдрэлийн ядаргаанд орж биеэ арай гэж барин галзуурах шахсан шүү.

Өдөр ирэх тусам бүтэлгүйтлийн эрсдэл нэмэгдэж байлаа.

Би нэлээд дуу муутай, битүү, интроверт зантай хүн. Иймд киноны багийнхантайгаа хэвийн харьцаж чадахгүйн улмаас намайг чухам яг юу хүсч буйг хэн ч ойлгохгүй байв.

Бэлэн болсон кино миний төсөөлснөөс огт өөр байсан тул би “Оддын дайн”-ыг дахин өөрчилж янзлах гэж нээлтийн өдрийг нэлээд хойшлуулж билээ. Үүнээс үүдэн киноны төсөв 40 хувиар нэмэгдсэн юм.

Тэгтэл манай киноны од осолд орж, түүний оролцсон хэсгүүдийн зургийг дахин авах боломжгүйд хүрсэн дээ.

Студи миний киног хэрхэн хүмүүст хүргэж сурталчлахаа мэдэхгүй байв. Иймд тэд энэ тал дээр юу ч хийгээгүй, хийхийг ч хүсээгүй.

“Оддын дайн”-ыг ердөө 35 кинотеатрт 1977 оны тавдугаар сарын 25-нд гаргаж эхэлсэн юм. Энэ өдрийг киночид нээлт хийхэд жилийн хамгийн тааламжгүй өдөр гэж үздэг юм шүү дээ. Гэвч нээлтийн өдрөөс л маш ер бусын сонин содон кино гарч эхэлсэн тухай яриа хүмүүсийн дунд асар хурдтай тарж эхэлсэн. Бүгд л тэр “Оддын дайн” гээчийг үзэхийг хүссэн юм. Тэгээд бүгд үзсэн дээ.

Би өөрийн зорилгоосоо ухралгүй мөрөөдөлдөө итгэснийхээ ачаар элдэв саад бэрхшээлийг даван энэ киног бий болгож чадсан болов уу. Мөрөөдлөөсөө урвахгүй л бол эрт орой, хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрч болдгийг “Оддын дайн”-ыг бүтээсэн түүх бэлхнээ харуулсан гэж би үздэг шүү.

1977 онд дэлгэцнээ гарсан “Оддын дайн. IV хэсэг: Шинэ найдвар” кино маш бага буюу 11 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч 800 сая шахам ам.доллар цуглуулан кино урлагийн бокс-офисын шинэ дээд амжилтыг тогтоосон билээ. Өдгөө “Оддын дайн” цуврал кинонууд нийтдээ 27 тэрбум ам.долларын орлого олоод байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE