Энэтхэгийн зэвсгийн зах зээлийн төлөөх АНУ, ОХУ-ын өрсөлдөөн

БНХАУ-ын англи хэл дээрх “Eastday” сэтгүүлд ийм нийтлэл гарчээ.

АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл дэлхийд хамгийн шилдэг нь гэдгийг хэн хүнгүй мэднэ. Зэр зэвсгийн экспортоор дэлхийд АНУ нэгд, харин ОХУ хоёрт ордог байна. Сүүлийн жилүүдэд АНУ, ОХУ Энэтхэгийн зэвсгийг зах зээлийн төлөө өрсөлдөж эхэлжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 18-нд ОХУ Энэтхэгт таван тэрбум ам.долларын “С-400-Триумф” хэмээх зенит пуужингийн цогц зэвсэг нийлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэр ч бүү хэл Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Н.Ситхараман ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр тал орчин үеийн 500 ширхэг “Т-90С” орчин үеийн танк авах талаар хэлэлцээ хийж эхэлснийг мэдэгдсэн юм.

Эдгээр хоёр мэдээ АНУ-ын зэр зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон нь гарцаагүй. Өмнөд Азийг тэр чигт нь хянахыг хүсч буй Энэтхэг цэргийн аугаа гүрэн болох гэж нэлээд хүчин чармайлт гаргах болсон. Гэвч Дели хэдийгээр “Тежас” сөнөөгч онгоц, “Аржун” танк, “Арихант” шумбагч хөлөг онгоц зэрэг өөрийн өндөр технологи бүхий зэр зэвсэг боловсруулж байгаа ч тус улсын зэр зэвсгийн аж үйлдвэр дэлхийн хэмжээнд хүрээгүй байгаа юм.

Дээр дурдсан технологиудыг янз бүрийн шалтгааны улмаас бодит тулалдаанд ашиглах боломжгүй нь тогтоогдсон ажээ. Тэгээд ч тэдгээрийн үйлдвэрлэлийн явцад олон тооны алдаа гарсан тул Энэтхэг бусад улс орноос зэр зэвсэг худалдан авахаас өөр аргагүйд хүрчээ. Иймээс ч тус улс гадаадаас зэр зэвсэг худалдан авах хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм. Дэлхийн зэр зэвсгийн зах зээл дээрх хамгийн том худалдан авагч болсон Энэтхэг АНУ, ОХУ-ын анхаарлыг ихээр татах болсон нь мэдээж.

Зэр зэвсгээ угаас Оросоос худалдаж авдаг байсан Энэтхэг сүүлийн жилүүдэд АНУ-ын зэвсгийг ч сонирхох болжээ. 2014 оны наймдугаар сард Энэтхэгийн БХЯ зэвсгийн импортынхоо мэдээллийг олны хүртээл болгосон бөгөөд тэрнээс үзвэл зэвсгийн нийлүүлэлтээрээ АНУ Оросын өмнө гарсан байв.

Угийн ясын бизнесмен АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгт их хэмжээний зэвсэг худалдаж чаджээ. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л АНУ Энэтхэгтэй зэвсэг нийлүүлэх тухай хэд хэдэн гэрээ байгуулсан аж. Тэдгээрээс хоёр нь нэлээд анхаарал татна.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди АНУ-д айлчлах үеэрээ “Predator” загварын 22 нисгэгчгүй нисдэг аппаратыг 2.2 тэрбум ам.доллараар авахаар тохиролцжээ. Энэ нь АНУ-д ашигтай хэлцэл байсан нь гарцаагүй. Тэгвэл ердөө сарын өмнө Д.Трамп Энэтхэгт нийт арван тэрбум ам.долларын “F-16” сөнөөгч онгоцууд нийлүүлэх гэрээг үсэглэжээ. Уг нь АНУ “F-16” сөнөөгч онгоцыг үйлдвэрлэлээс хасахаар төлөвлөж байсан юм шүү дээ.

Энэ бүхнээс харахад Энэтхэг нь зэр зэвсгийн тал дээр маш чухал худалдан авагч бөгөөд АНУ тус улсаас хараагаа салгахгүй нь тодорхой. Хэдий тийм ч Энэтхэг Оросын зэвсэглэлд ч сонирхолтойгоо нуудаггүй. Тэгээд ч Оросын зэвсгийн үнэ харьцангуй хямд.

Гэвч Москва Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа зарлан тунхагласан “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчээ хэрэгжүүлж чадах эсэхийг хэрэгжүүлж чадах эсэхийг анзаарах хэрэгтэй. Тус стратегийн зорилт нь Энэтхэгийг ашиглан Хятад, Оросыг дэлхийн тавцнаа ганцаардуулах явдал юм. Иймд АНУ-ын хувьд Энэтхэг маш чухал стратегийн түнш.

Иймд ОХУ Энэтхэгт өөрийн “С-400” пуужингийн цогцолборуудаа худалдасан нь стратегийн маш чухал ач холбогдолтой. “С-400” нь АНУ-ын “Ижис” пуужингийн цогцолбороос дутахгүй төдийгүй зарим үзүүлэлтээрээ давж гардаг билээ. Тэгэхээр, Энэтхэг “С-400” пуужингийн цогцолборуудыг авснаар одоохондоо АНУ гэхээсээ илүү ОХУ-д талтайгаа илэрхийлсэн гэмээр. Ийм нөхцөлд Д.Трампын “Энэтхэг-Номхон далайн стратеги” бүтэлгүйтнэ гэсэн үг.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE