М.Энхболд: ММСУХ-ны ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хариуцлага хүлээж байна аа

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 27-нд болж, “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ.

“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авчээ.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны тавдугаар сард хуралдуулахаар тогтсон байна.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.

Энэ хурлын маргааш УИХ-ын дарга М.Энхболд цахим хуудастаа “…МСУХ-ны ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж байна аа” гэж бичсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE