М.Энхболдыг Ерөнхий сайд болно гэж улс төрийн хүрээнд дахин яриад эхэллээ

Ийм мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд хаврын түймэр шиг л тарж байна. Энэ үйл явдал хаврын чуулган эхлэхээр өрнөх гэнэ.

Ер нь УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдын суудал руу зүтгэх гэж байна гэсэн мэдээлэл хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Өмнө нь “…2018 оны нэгдүгээр сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя гэж тохирчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан байдаг.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд энэ мэдээллийг үгүйсгэж “Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг УИХ-ын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг шаардаж байна” гэж мэдэгдэл гаргаж байв.

Харин энэ удаад хэвлэлүүд биш улстөрчид Төрийн ордон, улс төрийн намын байруудаар энэ мэдээллийг ярьцгааж байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE