М.Энхболд Уяачдын холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өглөө

Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж спорт салбараас холдлоо.

Засгийн газрын тогтоолоор “Дүнжингарав-2018” уралдааныг хойшлуулсан байтал Монголын морин спорт уяачдын холбоо дур мэдэн хууль бусаар зохион байгуулсан. Үүний дараа холбооны ерөнхийлөгч “Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан ажилд оролцоогүй. Гадаадад томилолттой байсан” гэх тайлбарыг өгсөн.

Олон хүүхэд унаж гэмтсэнд ард иргэд бухимдаж, зохион байгуулагч нарт хариуцлага тооцохыг шаардсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч гэсэн хариуцлага тооцохыг холбогдох газруудад үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй байна.

Харин өнөөдөр Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд “өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

View image on Twitter

 

Ямартай ч үүссэн нөхцөл байдалтай холбогдон хариуцлага хүлээж, холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь “холбооны тэргүүлэгчид” хүлээн авсан байна. Мөн нарийн бичгийн дарга П.Сэргэлэн чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн ч уяачдын ээлжит их хурал хүртэл түдгэлзүүлэхээр болжээ.

Монголын морин спорт уяачдын холбоо ээлжит VII-р их хурлаа энэ оны тавдугаар сард зохион байгуулахаар болжээ. Шинэ Ерөнхийлөгчөөр хэнийг нь томилж, сонгох нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE