Г.Занданшатар: Хүчээ нэгтгэж байж том төслүүдээ хөдөлгөнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар танилцуулж,

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийг реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шудрага ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм гэдгийг онцоллоо. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу,  Сайхан хаваржиж байна уу.

Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол хүний хувьд хавар цаг нь өвлийг өнтэй давсан баяр, сайн эхлэл, бүтээлч үйлсийн эхэн байдаг. Үүнтэй адил Монголын эдийн засагт ч урин хавар ирлээ.

Эдийн засаг сэргэж байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өслөө.

Төсвийн алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг 2 дахин буурууллаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд  ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан. 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан боловч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай  гарч  төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирлаа.

Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын  хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаагийн илэрхийлэл юм.

Зээлжих зэрэглэлийн шат ахиснаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий чадамж сайжирч цаашдын чиг хандлага тогтвортой байна гэдгийг олон улсад харууллаа.

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч ам.долларын ханшийг тогтворжуулж, буулгалаа. Төгрөгт итгэх итгэл сэргэснээр Монголбанк бодлогын хүүгээ буулгаж 10 хувь, заавал байлгах нөөцийн шаардлагаа ч бууруулж эдийн засаг тэлэх, хөгжих нөхцөлийг бүрдүүллээ.

Өрийн удирдлагыг сайжруулж Чингис бондын эхний хугацаатай өрийг бүрэн төллөө.

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1.4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120.0 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа боловч  өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох шаардлагатай байна. Том төслүүдээ эхлүүлэх тал дээр нэгдсэн ойлголцолд ч хүрээгүй явна. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг орон. Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч байна.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас өрийн гүнзгий хямралд нэрвэгдлээ. Хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж аюулгүй байдал, хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг  цаг үе биднээс шаардаж байна.

Иргэдийн дунд сонгосон замдаа эргэлзэх, ардчилал, зах зээлийн үнэлэмж буурч, үгүйсгэх, буруутгах үзэгдэл нийгэмд тархаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний гол алдаа юу байсныг эргэцүүлж үзвэл бидэнд сайтар төлөвлөсөн, нэгдмэл зорилт бүхий төлөвлөгөө байсангүй! Хамгийн гол нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэтгэл зүрх, нэгдмэл зориг эрмэлзлэл огт байсангүй.

Иймд манай Засгийн газар нэгэнт хэлэлцэгдэн батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам” хөтөлбөр гэх зэрэг бодлого, зорилт хөтөлбөрийг ахин дахин шүүж, нэгтгэх, уялдуулан нэгдмэл зорилго, шийдэл бүхий хөгжлийн төлөвлөгөө болгон боловсрууллаа. Бас 2030 он хүртэлх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай ч нийцүүллээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурлан тодорхойллоо.

Үүнийгээ бид ”Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэмээн тунхаглаж, та бүхэнд танилцуулж байна. ЭДИЙН ЗАСГИЙН ТҮШИГ ТУЛГУУР НЬ САЙН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ТӨЛӨВЛӨЛТ НЬ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ ЮМ.

SHARE