Оффшор дахь хөрөнгөө мэдүүлсэн гишүүд хэн бэ?

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өглөө. Тус мэдээлэлд дурдагдсан оффшор асуудлын талаарх мэдээлэл анхаарал татав. Тодруулбал, аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн гурван албан тушаалтан оффшор дахь хөрөнгөө мэдүүлсний хоёр нь УИХын гишүүн, нэг нь Монголбанкны ажилтан гэжээ. Түүнчлэн оффшор бүсэд эмчлэх, суралцахдаа данс үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн тухайгаа 18 албан тушаалтан мэдэгдсэн гэлээ.

Одоогоор ил болоод буй мэдээллээр Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсээс хөрөнгөө татах 49 хоногийн үүрэгт хугацаанд НИК-ийн Я.Давааням оффшор бүсээс 4.3 сая ам.доллараа оруулж ирсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. АТГ-аас оффшор бүстэй холбоотой асуудлаар 23 хүнийг шалгаж байгаа гэж мэдэгдэж байсан. Харин энэ удаа ямар албан тушаалтай гэдэг нь тодорхой боллоо. УИХ-аас чиглэл өгөн оффшортой тэмцэх хууль боловсруулах Ажлын хэсгийг байгуулаад байгаа. Гэвч Ажлын хэсгийнхэн судалгааны явцад оффшортой тэмцэх хууль шаардлагагүй гэж үзсэн талаар албаны эх сурвалж онцолсон. Магадгүй энэ парламентад энэ хуулийг зөрчсөн хүмүүс нэг бус байснаас үүдсэн байж болох. Ямартаа ч оффшор бүсэд хөрөнгө байршуулахыг эсэргүүцэж хууль батлахыг шаардаж, санаачилж байсан парламентад хасан кноп дарах хоёр хүн ийнхүү тодорчээ. Тэд хэн байсан нь сонирхол татаж байна.

Түүнээс гадна Монголбанкны албан тушаалтан татваргүй бүсэд хөрөнгө байршуулсан нь бас л анхаарал татах асуудал. Сүүлийн үед Монголбанктай холбоотой асуудал хэвлэлийн хуудаснаа салахаа больсон. АТГ-ын мэдэгдсэнээр Монголбанкны удирдах албан тушаалтан бус ажилтан гэж тодотгосныг бодвол энэ банкийг тойрсон хэрүүл шуугиан үнэний ортой болж таарах нь.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE