“Монголиан Коппер Корпорейшн”-аас “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн төлбөрт шилжүүлсэн 400.27 сая доллар ийм учиртай гэнэ

2018 оны хоёрдугаар сарын 28-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий дөрвөн иргэний “…УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн мэдээллийг хэлэлцсэн юм.

Энэ хуралдаанаас хоёр хоногийн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр УИх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцэд нэмэлт тайлбар ирүүлжээ.

Тэрхүү тайлбарт “…“Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээр болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээр нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд эдгээр гэрээнүүдийг цуцлах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй болохыг мэдэгдье. Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар нь эдгээр гэрээний “Талууд” бөгөөд Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци нь тус гэрээний Талуудын “хувьцаа эзэмшигч” байхаар дээр дурдсан гэрээнүүдэд тус тус заасан.

 

Гэтэл Оросын Холбооны Улсын Засгийн газар гэрээний “Тал” болохын хувьд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад зөвхөн Оросын Холбооны Улсын хувьцааг эзэмшигч болох “Ростех” улсын корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар дээрх 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр татгалзаж “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлөх, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна.

 

Дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсан талаар Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг.

 

Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын төвшинд уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буюу “Монголиан Коппер Корпорейшн” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5,02 сая ам.долларыг Оросын Холбооны Улсын Альфа банкинд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Энэхүү 5.02 сая ам.доллар төлбөрт тооцогдсон баримт байгаа болно.

 

“Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компаниуд 2016 оны 6 дугаар сард тус бүрдээ Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуут шууд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д дамжуулан зээлдсэн, нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй нэг ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байна.

 

Нэгтгэн дүгнэж үзвэл, төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.27 сая ам.доллар нь Д.Эрдэнэбилэг гэгч эзэнтэй Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас эдгээр банкны гол хувьцаа эзэмшигчийн, эсхүл түүний шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниудад халхавчийн гэрээ, барьцаагүйгээр олгосон зээл байна.

 

Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк, түүний гол хувьцаа эзэмшигчид зөрчсөн болно. Тухайлбал:

 

  1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээж байхаар заасан. Худалдаа хөгжлийн банк нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл энэ банк зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая ам.доллар буюу 900.2 тэрбум төгрөгийн зээл буюу гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байна.

 

Энэхүү 400.27 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “… нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй …” гэснийг зөрчөөгүй гэж харагдуулахын тулд Д.Эрдэнэбилэг болон түүний шууд удирдлагад ажилладаг ажилтнууд /Банкны тухай хуульд эдгээрийг “холбогдох этгээд” гэж тодорхойлсон/- ын нэр дээр байгуулсан компаниудад халхавч гэрээ байгуулж, 68-70 сая ам.долларын зээл олгож, эдгээр нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжүүлсэн байна.

 

  1. Худалдаа хөгжлийн банк нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д зээл олгохдоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, дараа нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийг төлөөлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт /холбогдох этгээд/-ыг зөрчсөн байна.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах эсэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь доор дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дэх хэсгийн 1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын 3асгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн болохыг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE