Хүчирхийллийн улмаас 12 охин жирэмсэн болжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүүг хүчирхийлсэн өндрөө авч, хүчирхийллийг таслан зогсоохыг шаардсан томоохон жагсаалыг товлоход хүргэлээ. Угаас Монголын нийгмийн асуудал, тэр дундаа ирээдүй хойч болсон хүүхдүүдийн эрхийг ноцтойт зөрчиж аюул заналхийлэл учруулж буй асуудал хүчирхийлэл болсныг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлсэн. Хүчирхийллийн сэрдхийм жишээ баримт ойр ойрхон илэрч, олон түмнийг босгохоос аргагүйд хүргэж байна.  Тэгвэл насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх гэмт хэргийн нөхцөл байдал, ийм хэрэг гарах шалтгаан нөхцөл юунаас болоод байгаа, бид хэрхэн анхаарч урьдчилан сэргийлэх тухай цогц судалгааг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгээс хийж эхэлжээ. Энэ талаар “Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бэлгийн хүчирхийлэл” сэдвээр Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа илтгэл хэлэлцүүлсэн юм. Тус илтгэлд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал хэрхэн туссаныг тоймлоё.

    Хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсөв

 

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 18.7 хувиар өсчээ. Задалж харвал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүр зураг харагдаж байна. Тухайлбал:

  • Хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.7 хувиар
  • Хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсч
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурсан тоон мэдээ гарчээ.

Хүний халдашгүй эрх гэж өөрийнх нь төрөлх жам ёсны хэрэгцээнээс үүдэлтэй, мөн чанарын хувьд төрөөс тогтоосон биш зөвшөөрсөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээгээр бэхжигдэж, хамгаалагдсан ямар ч тохиолдолд хөндлөнгийн хэн ч дур мэдэн хөндөж хязгаарлаж болохгүй хэд хэдэн туйлын эрхийн тухай цогц ойлголт. Үүнд,  чөлөөтэй байх эрх, бие эрхтэний халдашгүй эрх, орон байр халдашгүй эрх, нууцын халдашгүй эрх,  нэр төрийн халдашгүй эрх, өмчийн халдашгүй эрх гэсэн элементүүдээс бүрдэнэ. Эдгээр эрхүүд нь ямар ч тохиолдолд нэг нь нөгөөгөө зайлшгүй байдлаар нөхцөлдүүлсэн хүний хувийн эрхийн цөм эрх гэдгийг илтгэлийн эхэнд онцолжээ.

2016 – 2017 оны III улирлын байдлаар л гэхэд Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас Эрүүгийн хуульд заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах”, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хүчиндэх” нийт 228 гэмт хэрэгт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулжээ. Нийт хэргийн 89.9 хувь буюу 205 гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байна. Тэгвэл үүнээс нэг жилийн өмнө буюу 2016-2017 оны III улирлын байдлаар энэ төрлийн 52 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 67.3 хувь буюу 35 нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Үүнээс харахад ганцхан жилийн дотор дөрөв дахин илүү өсчээ. Эдгээр хэргүүд дотор онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй 176 хэргийг хуулийнхан шалгасан байна. Тэдгээрийн 95.6 хувь нь бага насны хүүхэд хохирсон тохиолдол байжээ.

               1-3 настай зургаан хүүхэд хохирогч болжээ

Энэ төрлийн хэргийн хохирогчдын насны хувьд бага насны хүүхэд, тэр дундаа хэл хөлд орж амжаагүй хүүхдүүд байгаа нь хамгийн ихээр анхаарал татаж байна. Бага насны хохирогчдын дунд 2.8 хувь буюу 1-3 настай зургаан хүүхэд, 9.4 хувь буюу 4-6 настай 20 хүүхэд, 37.1 хувь буюу 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь буюу 11-13 настай 108 хүүхэд байсан байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд зөвхөн эмэгтэй хүүхдээр тогтохгүй хөвгүүд ч хохирогч болсон зургаан хэргийг хуулийнхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд шалгажээ.

              Есөн хүүхэд сэтгэцийн өөрчлөлттэй болжээ

Нийгмийг цочирдуулаад байгаа хүчингийн гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар цочирдмоор байгааг илтгэлээс харж болно. Хохирогчдын 10.8 хувь буюу бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь буюу бага насны 12 хүүхэд жирэмсэлсэн, 4.2 хувь буюу бага насны есөн хүүхэд гэмтлийн дараах дарамтат эмгэг, хүчирхийллийн дараах сэтгэл гутрал, сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогчдын 0.9 хувь буюу хоёр хүүхдийн бие махбодид хүнд, 2.8 хувь буюу зургаан хүүхдийн бие махбодид хүндэвтэр, 6.1 хувь буюу 13 хүүхдийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

                         3-7 жилийн турш хүчирхийлүүлсэн хүүхдүүд байна

Өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулж дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн хохирогчдод эрүүл мэндийн болоод сэтгэл санааны ямар их дарамт учирдаг, тэр нь ирээдүйд нь хэрхэн заналхийлдгийг төсөөлөхөд бэрх. Гэтэл ганц удаагийн бус бүр давтан, олон жилийн турш энэ төрлийн хэргийн хохирогч болдог явдал ч судалгааны явцад ил болжээ. Бага насны хохирогчдын 26.3 хувь буюу 56 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөнөөс 30.4 хувь буюу 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан байна.

                             Жигшүүрт ийм хэргийг үйлдэгчид хэн бэ?

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын 15 хувь буюу 32 нь бага насны хохирогчтой ямар нэгэн хамааралгүй буюу танихгүй хүн байдаг бол хамгийн их хувь буюу, 85 хувь буюу 181 нь хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байгаа ажээ. Тухайлбал, 9.8 хувь буюу 21 нь төрсөн эцэг, 21.6 хувь буюу 46 нь хойд эцэг, 22.1 хувь буюу 47 нь хамаатан садан, 31.5 хувь буюу 67 нь бага насны хохирогчтой танил байна. Тэгвэл тэдгээр гэмт хэрэгтнүүдэд шийтгэл хэрхэн оногдуулдгийг судлаачид тодорхой харуулжээ. Судалгаанд, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 73 шүүгдэгчийг 3.5-24 жилийн хугацаагаар хорих /үүнээс 4 хэрэг завдалт/, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 шүүгдэгчийг 5-20 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаар 35 шүүгдэгчийг 3.6-9.6 жилийн хугацаагаар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлд зааснаар 2 шүүгдэгч тус бүрийг 9.7 сая төгрөгөөр торгох, 1 жил 6 сар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 1 шүүгдэгчийг 5 жил 1 сар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 шүүгдэгчийг 1.1-4 жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Б.Өнөрмаа: Хохирогчдын хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй

Ирээдүйгээ гэгээнээр төсөөлж багш, цагдаа, эмч, инженер болно гээд мөрөөдөж яваа, зарим нь хэл хөлдөө ч гүйцэд орж амжаагүй бяцхан үрсээ хамгийн муугаар доромжлон гутааж, хүчирхийлж амьдралд нь хэзээ ч арилахгүй хар толбо үлдээж байгаа нөхцөл байдал ийм байна. Энэ төрлийн хэрэг ганцхан жилийн дотор дөрөв дахин нэмэгдсэн нь хамгийн эмзэглүүштэй. Анх удаагийн цогц судалгааг хийсэн хууль зүйн ухааны доктор, ахлах прокурор Б.Өнөрмаа энэ тухай “Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байгаа юу гэдэгт анхаарлаа хандуулах болжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 77.9 хувь нь бага насны хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эх, 7.5 хувь нь төрсөн болон үрчилж авсан эцэг тогтоогдсон.  Гэмт хэрэг үйлдэгч нь гэр бүлийн амьжиргааг залгуулдаг эсвэл хууль ёсны төлөөлөгч хамаатан садны нөлөөлөл, гэр бүлийн далд хүчирхийллийн дарамт, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагдан хориогүй тохиолдолд түүний нөлөөнд орсон, хараат байдалд байгаа тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй” хэмээн онцолж байна.

Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч нь нуугдмал, далд орчинд үйлдэгддэг гэмт хэргийн халдлагад өртсний улмаас, өөрсдийнхөө аюулгүй байдал, хамгаалалтад эргэлзэж, сэтгэл зүйн дарамтад байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна. Түүнээс гадна, энэ төрлийн гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ хохирогчийн нэрийг дурьддаггүй ч оршин суугаа хаяг, сургууль анги, нас, эцэг эх зэрэг ерөнхий мэдээллийг оруулснаар цөөхөн хүн амтай газарт хохирогч хэн болохыг таньж мэдэх шууд боломжтой байгаа нь хохирогч цаашид  энгийн амьдралын хэв маягтаа эргэн орох, шинэ хүрээлэлд ороход хамгийн том саад бэрхшээлийг учруулдаг болохыг тэрээр онцоллоо.

                            Өмгөөлөгчид бэлтгэх шаардлагатай гэв

Тэгвэл энэ төрлийн хэргийг хэрхэн бууруулах вэ, бид юуг анхаарах ёстой вэ. Халдлагад өртсөн хохирогчдын нээлттэй чөлөөтэй ярилцах, хууль зүйн туслалцааг авах хүн нь өмгөөлөгч тул энэ төрлийн хохирогчдын өмгөөлөгчийг мэргэшүүлэх шаардлагатай гэж УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа онцолжээ. Түүнээс гадна хууль эрх зүйн орчинд ч нэлээд өөрчлөлт хэрэгтэй гэж үзжээ. Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч нь “өөрийн хамгаалуулах эрхийн талаар” мэдэх, ойлгох, эрх зүйн чадвар чадамжгүй хүн тул Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд “гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа… бол хамгаалуулах эрх үүснэ” гэж заасныг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх эсхүл төлөөлөх боломжгүй нөхцлийн талаар судлах, эрсдэлтэй, эргэлзээ бүхий үндэслэл буюу хохирогч сэтгэлзүйн хувьд тогтворгүй, мэдүүлэг өгөх чадваргүй, айдастай байгаа эсэхэд дүгнэлт хийх зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нөхцлийг заавал тогтоож хэвшүүлэх шаардлагатай юм байна. Түүнчлэн тухайн засаг захиргааны нэгжид үүрэг гүйцэтгэдэг албан тушаалтаны үүрэг, оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хувь хүний мэдээллийг нийтэд зарласанаар үр өгөөжөө өгдөггүйг анхаарч дээрх төрлийн мэдээлийг нийтэд цацахдаа  эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт үр хүүхдээ аюултай гэмт халдлага, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ биелүүлэх ёстойг сануулахад мэдээллийн бодлогоо чиглүүлэх, цэцэрлэг, арван жилийн сургуулиудад хүүхэд гэмт халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, өөрийн биеийн нандин, нууц хэсгүүдэд бусдыг зөвшөөрөлгүй хүрэхийг хориглож сурахыг тайлбарлах зэргээр урьдчилан сэргийлэх ажлуудыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байгааг илтгэлийн төгсгөлд дурджээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE