Шүүхийн шийдвэрийнхэн мессэж бичих хүртлээ жижгэрчээ

Монголын үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаа эрхзүйн чадамжгүй болохыг баталсан гурван шатны шүүхийн шийдвэр гараад байхад эдүгээ тус холбооны “Их эе”-ийг хуралдуулах товыг зарлаад байгаа билээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гаргажээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шүүгчийн захирамжийг хариуцагч талд буюу Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржид хүлээлгэж өгөх гэж өчигдөр баахан пактлав. Шийдвэр гүйцэтгэлийнхэн Р.Нямдорж гуайн албан өрөө байрлах Монгол бөхийн өргөөнд очжээ. Гэтэл тэднийг дотогш нэвтрүүлэхгүй гэж бөхийн өргөөний харуулууд эсэргүүцэж хаалга үүдээ түгжээд авчээ. Арга ядсан шүүхийн шийдвэрийнхэн цагдаагийн ажилтнуудаар хүч нэмэгдүүлээд хаалгыг эвдэж орсон байна. Ингээд ч тэд шүүгчийн захирамжийг Р.Нямдоржид гардуулж чадсангүй. Р.Нямдоржийн хүү улсын гарьд Н.Ганбаатар аавынхаа албан өрөөний үүдэнд хөндлөн зогсоод хуулийнхны өөдөөс агсарч гарсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав. Тэрээр аавынх нь бие муу байгаагаас шүүгчийн захирамж гардах боломжгүй, ирэх даваа гаригт авч болох юм гэсэн утгатай тайлбар хэлээд шүүхийн шийдвэрийнхнийг буцаажээ.

Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон хэл ам 10 гаруй жилийн өмнөөс эхтэй. Бөхчүүд хоёр талд хуваагдан Р.Нямдоржийг халаагаа өгч, энэ холбоонд салхи оруул гэж шаарддаг бол Р.Нямдорж миний байгуулсан холбоо, бөхчүүд намайг удирд гэсэн хэмээн тас гүрийсээр эдүгээтэй золгосон. Үндэсний бөхийг хэдхэн хүмүүсийн мэдлийн спорт болгон завхруулж байна хэмээн олон нийт ч шүүмжлэх нь бий. Гэхдээ энэхүү маргаан дундаас хууль ёсны, заавал авч үзэх ёстой нэг асуудал бий. Энэ бол шүүхийн шийдвэр. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хэн ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Монголын үндэсний бөхийн холбооны эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүх баталж шийдвэрлээд байхад одоог хүртэл өдөр тутмын үйл ажиллагаа нь хэвийн, бүр үндэсний хурал зохион байгуулахаар зарлаад байгаа нь хачирхалтай. Үүнийг нь хориглосон шүүгчийн захирамжийг хүлээж авахгүй гээд томордог иргэн энэ улсад байдаг юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын есдүгээр зүйлийн

9.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

9.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Энэ үйл явцыг энгийн жишээн дээр аваад үзье л дээ. Иргэн Даваа багахан бизнес эрхэлдэг, хувийн жижиг компанитай. Танил Доржоос зээл аваад товлосон хугацаандаа өгч чадаагүй. Нэг ёсондоо бизнес нь бүтэлгүйтсэн. Мэдээж Дорж зээлээ буцааж авахын тулд шүүхэд хандсан. Гурван шатны шүүх Давааг Доржид зээлийг нь хүүтэй, хохирлын төлбөртэй нь буцааж өгөхөөр шийдвэрлэчихсэн. Даваа бизнес нь бүтэлгүйтсэн учраас өгч чадахгүй шүүхийн шийдвэрийн хугацааг хэтрүүлжээ. Энэ тохиолдолд яах вэ. Шүүхийн шийдвэрийнхэн аль хэдийнэ ирээд Даваагийн компанийг битүүмжилж, эд хөрөнгийг нь хурааж Доржийн хохирлыг барагдуулжээ. Энгийн амьдралд бол ийм л жишээ. Гэтэл Р.Нямдоржийн өмнө Монголын гурван шатны шүүх бөхийж, шүүхийн шийдвэрийнхэн мессэж бичих хүртлээ жижгэрчээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE