“Стандарт” банкны өрийг нөлөө бүхий компани худалдаж авсныг нууцалж байна?!

“Эрдэнэт үйлдвэр”-ийг өмнөд “Жаст” группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан. Өр нь болох 100 гаруй сая долларын асуудал босч ирээд хуулийнхан Ш.Батхүү, бас Ерөнхий сайд асан Санжийн Баярыг байцааж эхлээд байна.

Гэхдээ үйл явдлын өрнөлийг харахад Ш.Батхүү “Би хуурамчаар материал бүрдүүж өгсөн” гэж хэлээд энэ хэргийн ялд унах магадлалтай. Харин нэр холбогдож буй С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Г.Алтан нар Ш.Батхүүг бараг л танихгүй гэж мэдэгдээд эхэллээ.

Холбогдсон хүмүүс нэг иймэрхүү байдалтай байгаа бол зарим нэг УИХ-ын гишүүд тэднийг энэ асуудалд ихээхэн хамаатай гэж мэдэгдэж байгаа юм.

Ажиглаад байх нээ, энэ сэдвээр баримт түшин ярьж байгаа нэг ч хүн алга. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нь хүртэл ээрч муураад,  нэг болохоор “…Зээлийн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансаар орсон” гээд, нөгөө болохоор “…Андуурсан байна, баяжмалын төлбөр байжээ” гээд нэг л биш.

Гэтэл аль эрт, гурван сарын өмнө Лондоны арбитраас 300 гаруй хуудас шийдвэр ирчихээд байгаа. Тэр шийдвэрийг Засгийн газар өнөөдрийг хүртэл нам дарж байна. Уг нь тэр олон хуудас шийдвэр дотор энэ өр авлага хэрхэн үүссэн, хэн хэн үүнд буруутай вэ гэдэг нь тодрохоор баримтууд байж л байгаа. Гэвч Засгийн газар задлахыг хүсэхгүй байгаа бололтой.

Энэ сацуу нэгэн мэдээлэл дуулдаад эхэллээ. “Стандарт” банкны өрийг Монголын нэгэн нөлөө бүхий компани худалдаж аваад, аль хэдийнэ Засгийн газар, “Стандарт” банк, компани гэсэн гурвалсан харилцаанд орж хэлцэл сэлтээ хийгээд эхэлсэн гэж байна.

Уг нь “Эрдэнэт үйлдвэр” –ийн 51 хувь нь Монгол төрийн өмч юм. Төр гэдэг нь ард түмэн гэсэн үг. Та бид л энэ хөрөнгийн эзэд, өмчлөгчид нь юм. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” –ийг хэн хэрхэн барьцаалж, одоо тэр өрийг нь хэн яаж төлөх гээд байна вэ гэдгийг мэдэх эрхтэй билээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE