“90 саяын Гансүх”-ийн шийрийг хатаагчид

1990-ээд оны ардчилсан хувьсгалын цаг үед дуулиант нэгэн хэрэг гарсан нь “90 саяын Гансүх”-ийн хэрэг. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Төвбанкны ерөнхийлөгч гээд төрийн томчуудын тархийг угааж 90 сая төгрөг залилсан хэрэг тухайн үед гарч байв. Ороо бусгаа, тарчиг нийгмийн тэр үед төрөөс 90 сая төгрөг залилна гэдэг тухайн үед цочирдмоор бас шившигтэй явдал. Нэг хүн нөгөө хүнээ, эсвэл нэг албан байгууллагыг залилна уу гэхээс бүхэл бүтэн улсын төрийг залилчихна гэж хэний ч санаанд оромгүй. Харин өнөөдөр бол дүрээ хувиргасан “90 саяын Гансүх”-үүд ар араасаа илэрч монголчуудыг “шок”-нд оруулж байна.

                              Төрийн өмчийг тив алгасан барьцаалсан нь

“Жаст” группийн захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан хэрэг. Олон улсын Арфитрийн шүүх зээлээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилнэ гэсэн шийдвэрийг саяхан гаргаснаар Монгол Улс даяар Ш.Батхүүг “шүүж” байгаа. Олон улсын шүүхийн шатанд энэ асуудал нэг монгол иргэний зээл биш улс орны зээл болж тодорхойлогдож байгаа. Тиймээс Засгийн газар эл асуудлыг хэрхэн шийдэх талаар дээр доргүй ярилцсаар байгаа мэдээтэй. Харин энэ хооронд хуулийнхан Ш.Батхүүг цагдан хориод байна. Монгол Улсын төвсийн гол ачааг үүрдэг Эрдэнэт үйлдвэрийг гарын үсгээрээ баталгаа гарган барьцаанд тавиад тив алгасаад зээл авчихдаг “сүүхэйтэй” эрс Ш.Батхүү нар Гансүхийн хэргийг ингэж үргэлжлүүллээ.

                     Багануурын ордоос хумсалсан “Алтайн гянт”

Сая хавь олон хүн амтай нийслэл хотыг цахилгаан, дулаанаар хангадаг гол орд нь Багануурын уурхай. Гэтэл “Энэ уурхайн талбай манайх” гэсэн хувийн компани гарч ирэн олны нүдийг бүлтгийлгэж байна. Бүр болоогүй энэ асуудлыг шүүхээр шийдүүлэхээр маргаан үүсгэчихэв. Төрийн өмчит Багануур компанийн эзэмшил талбайд хайгуул лицензийг “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Алтай голд” гэх компани авчээ. Нэг жилийн дараа тус компани хайгуулын лицензээ ашиглалтынх болгож “Алтайн гянт” гэх компанид худалдсан байгаа юм. Төрийн мэдлийн ордын талбайгаас хувийн компани  эзэмших болсныг лиценз олгодог төрийн байгууллага руу бурууг чихэж байгаа. Ямартаа ч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангадаг ганц орд газар бусдын мэдэлд очих эрсдэлд тулж ирээд байна.

            “Эрдэнэс Тавантолгой”-д 197 тэрбумын хохирол учруулжээ

Иргэн бүрийн 1072 хувьцааны эзэн “Эрдэнэс Тавантолгой” толгой компани орон нутгийн Тавантолгой компаниас их хэмжээний хохирол нэхсэн тухай баримт олон нийтэд ил боллоо. Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа орон нутгийн Тавантолгой компанид шаардлага хүргүүлж “Манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг нийт 197 тэрбум төгрөгийг төлж Эрдэнэс Тавантолгой компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий албан шаардлагыг санхүүгийн олон тооны баримтын хамт хүргүүлж байжээ. Үүнээс харахад Монгол Улсын стратегийн гол орд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас хил даван нүүрс олборлон худалдаалж ашиг олж байгаа гэж ойлгогдож байна. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ч хүлээн зөвшөөрсөн ярилцлагыг хэвлэлд өгчээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нөөц, үр ашиг, улсад оруулж буй хөрөнгө оруулалт орон нутгийн Тавантолгой компанитай зүйрлэхийн аргагүй. Тиймээс Эрдэнэс Тавантолгойд учруулсан 197 тэрбум төгрөгийн хохирол гэдэг монголчууд 1072 хувьцааны ашгийг хүртэх хугацааг улам хойшлуулсаар байна гэсэн үг.

Өнөөдрийн нийгэмд төрөө залилсан, луйвардсан ийм л хэргүүд шилээ даран гарсаар байна. Харин Монголын төрийн үзүүлэх реакци 28 жилийн өмнөх Гансүхэд үзүүлсэн реакциас эсрэгээрээ. Сул дорой, чадамжгүй. Төрийг, монголчуудын халаасыг ухсан луйвар залиланг эрүүл ухаанаар шуурхай шийдвэрлэж чадахгүй пээцэгнэсээр байгаа нь энэ хэдэн хоногт илүү тод харагдав.

Эх сурвалж: news1.mn

SHARE