Төсвийн 365 сая төгрөгөөр жийп авсан дахин нэг “хэрэг”ил боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төсвийн 360 сая төгрөгөөр бүрэн тоноглолтой “ЛЕКСУС-570” машин авч унасан гэх дуулиан намжаагүй байгаа.

Хэдийгээр унаж эдэлсэн нь сайд Ц.Нямдорж ч, шийдвэр гарган худалдаж авч өгсөн хүн нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр юм.

Энэ “хэрэг” тэгсгээд намдаж байх шиг байгаа юм.

Тэгвэл үүнтэй маш төстэй нэг асуудал ил боллоо.

Эрчим хүчний хөгжлийн төвийн  захирал Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан байна. Гэхдээ Ч.Саранжав нь дээрх мөнгөөр Ц.Нямдорж сайдынх шиг нэг биш  хоёр машин авсан байгаа юм.

Ч.Саранжав 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулжээ. Үүний дагуу JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium,  JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байгаа юм.

Уг нь Засгийн газар ийм үргүй зардалд ихээхэн чанга хатуу байхаа удаа дараа мэдэгдээд байгаа. Ц.Нямдорж сайдын жийп машины дуулиан дэгдэхэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “… Бид төсвийн байгууллагуудын зарим зардлын зохисгүй байдал, тансаг хэрэглээг цэгцэлсэн. 3.3 тэрбумаар жийп худалдаж авах гэж байсныг зогсоосон. 13 тэрбум төгрөгөөр конторын засвар, шинэ тавилга авах гэж байсныг болиулсан. АСЕМ арга хэмжээг зохион байгуулдах үед үнэтэй машин олныг аваад зараагүй, ашиглаагүй, гаалийн агуулахад байсныг нь сайд нарын унаанд өгсөн юм билээ” хэмээн хариулж байв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Нямдорж сайдыг машинаа буцаад зар гэж байгаа. Үүнд битгий санаа зов. Цаашдаа ч сайд нарын машин унааны асуудалд анхааръя гэж бодож байна. Нямдорж сайд өөрөө энэ асуудлаа шийдчих байх өө” гэж байсан юм.

Гэсэн ч төрийн өмч ийм байдлаар үрэгдсээр байж магадгүй нь. Учир нь ТӨҮГ-ын нэг захирал л толгой мэдээд ийм худалдан авалт хийсээр байгааг юу гэх вэ?

Дашрамд хэлэхэд Ч.Саранжав нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр юм байна.

 

Эх сурвалж: www.news1.mn

SHARE