Алмаазын төлөөх дайны талбар Сьерра Леоныг санагдуулах Монгол

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад стратегийн ордыг үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг нэрлэнэ гэж томъёолжээ. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн юм. Үүнд,

  1. Таван толгойн Чулуун нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.
  2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.
  4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
  5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
  6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
  7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
  8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.
  9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.
  10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
  11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
  12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
  13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.

Дээр нь Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор долоон ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад нэмэхээр шийдвэрлэн УИХ-д өргөн бариад буй. Стратегийн дээрх ордуудын олонх нь эргэлтэд орж хайгуул олборлолтын шатандаа байгаа. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан стратегийн ордын тодорхойлолтоор бол үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг нэрлэнэ гэсэн байгаа. Мэдээж стратегийн ордод хамааруулсан дээрх ордууд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж байгаа. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ Монголын газар доорх баялаг улс орны хөгжилд нөлөөлөхөөс илүү ядуу буурай орныг мөлжигч гадаадын компаниудын мэдэлд ордынхоо тал хувийг өгчихдөг, үлдсэн дээр нь бүлэг хүмүүсийн хувьдаа авах гэсэн тэмцэл явагддаг. Монгол Улсын стратегийн ордын төлөө ийм л дайн эдүгээ өрнөж байна. Оюутолгой, Тавантолгойн ордын анхны тооцоолол одоо хэрхэн хувирч, Монгол хохирч байгааг бид нүдээрээ харж байна. Хамгийн сүүлд гэхэд Эрдэнэтийн 51 хувь нь тив алгасан Өмнөд Африкийн нэгэн банкны мэдэлд, үлдсэн нь нэг иргэний халаасанд орчихсон тууж байна. Эрдэнэтийн ордтой зэрэгцээд Багануурын ордын асуудал сөхөгдөж эхэлсэн. Улсаас санхүүжүүлж хамаг нөөцийг нь тогтоочихсон ордыг “Алтайн гянт” гэх компани гэнэт гарч ирээд өөрийнх болгох гээд шүүхдэлцэж явна.

Баялгаа зөв ашиглаж чадаагүйгээс улс орон хэрхэн сүйрч мөхдөг жишээ хилийн чанадад олон байна. Үүний нэг нь Африкийн улс орнууд. Сьерра Леон гэхэд алмаазын асар их баялагтай улс байв. Гэвч өнөөгийн Монгол орон шиг баялгийнхаа төлөө хоорондоо байлдаж иргэний дайнд хүрсэн, дэлхийн хамгийн эмзэг цэг болоод байна.

Стратегийн ордынхоо төлөө манайх шиг “дайтдаг” орон мөдхөн Сьерра Леоны араас орох зам аль хэдийнэ шулуудчихсан гэж учир мэдэх хүмүүс ярьж эхэллээ. Угтаа стратегийн орд гэж олон улсын жишгээр арай өөр ойлголт гэж тэд онцолж байна. АНУ гэхэд стратегийн ордын тухай ойлголт манайхаас тэс өөр. Тухайлбал, АНУ газрын тосны нөөцөө боловсруулаад зарж худалдах биш, хадгалчихсан. Үүнийгээ стратегийн нөөц гэж томъёолдог. Энэ нөөцөөсөө түүхэндээ хоёрхон удаа ашигласан удаатай. Дайн гарахад Сомали, Ирак руу цэргээ оруулахдаа нөөцөөсөө гаргасан байдаг аж.

Улс орон хүнд байдалд орсон үедээ л стратегийн ордын нөөцийг гаргаж ирэх зориулалттай гэсэн үг. Харин манайд стратегийн ордыг ашигласан, ашиглаагүй эдийн засаг дордсоор байгаа нь хачирхалтай. Харин ард түмний эсэргүүцэл улам хурцадсаар хэзээ ч хаана ч тэсрэх аюул ойртсоор байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулах болсон.

Нөгөө талаар баялгийн төлөөх тэмцэл монголчуудыг зөвхөн байгалийн шавхагддаг баялгийг тахин шүтэх арга барилд сургаж оюун ухааны хөгжлөөрөө тэр хойно хоцрогдчихоод байна.

Хариуцлагатай уул уурхай, баялгийн зөв хуваарилалт гэж дүр эсгэсэн хүмүүс олон болжээ. Байгалийн баялгийн засаглалыг зөв хөгжүүлсэн улс орны тухай ам уралдан ярих. Тэндээс туршлага судаллаа гэх. Тэглээ гээд Монголын баялгийн хуваарилалт, засаглал дээрдэхгүй л байна. Үүний оронд баялгаа буруу ашиглахаар ямар аюул хүлээдгийг Африкийн орнуудаар явж харвал сануулга авах болов уу. Ялангуяа ард түмний эгдүүцэл дээд цэгтээ тулсан ийм үед баялгийн төлөөх хэсэгхэн хүмүүсийн тэмцэл энэ чигээр өрнөсөөр байвал Сьерра Леоны жишээ ойрхон байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE