Мария Шарапова бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгнө

“Forbes” сэтгүүлд Даниэль Россингх теннисний супер од Мария Шараповагийн шинэ санаачлагын тухай ингэж бичжээ.

Мария Шарапова теннисийн “Их дуулга” тэмцээнд олон удаа түрүүлж дэлхийн хамгийн их орлоготой тамирчдын нэг болсон ч бизнесийн талаар яриа үүсэхэд голдуу эрчүүдэд хүрээлэгддэг ажээ.

М.Шарапова 25 настайдаа чихэр үйлдвэрлэгч “Sugarpova” компаниа 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан нэгэн. Зургаан жилийн дотор тус компани үйлдвэрлэсэн чихэр, шоколадаа хэдийнэ 22 оронд худалддаг болж хүрээгээ тэлжээ.

Тэгвэл өдгөө “Их дуулга” тэмцээний таван удаагийн аварга бүсгүй АНУ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндэсний холбоо буюу NAWBO-той хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөн бизнесийн ухаанаасаа хуваалцахаар шийджээ.

Лос Анжелесээс утсаар ярилцлага өгөхдөө тэрээр, “Жижиглэн худалдааны сүлжээ, хүнсний дэлгүүрийнхэнтэй уулзахдаа эрэгтэй мэргэжилтнүүд, гүйцэтгэх захирлуудын дунд би ихэвчлэн ганцхан эмэгтэй бизнес эрхлэгч байлаа. Хэдийгээр би өөрийн санаачилсан бүтээгдэхүүний амжилтад итгэлтэй байдаг ч айдас, мөн насны зөрүүний хүндрэлтэй хүчин зүйлстэй тулгарсаар ирсэн” гэсэн юм.

Мэдлэгээ хуваалцахуй

Тэрээр цоо шинэ старт-ап бизнесээ олон улсын брэнд болгосон туршлагаа бусад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тус болно гэдэгт найдаж байгаа аж.

М.Шарапова, “Өөртөө итгэлтэй болоход хугацаа шаардлагатай. Энэ талын мэдлэг туршлагаа би 20-30 настай, тэр ч бүү хэл дунд сургуулиа хараахан төгсөөгүй ч ямар нэг юм бүтээхийг оролдож, ямар нэг зүйлд үнэн сэтгэлээсээ татагддаг авьяаслаг, бүтээлч боловч ичимхий, хүрээлэл хязгарлалтаасаа хагацаж чаддаггүй бүсгүйчүүдтэй хуваалцахыг хүсч байна. Би ч гэсэн өөртөө итгэлгүй байдалд нэг бус удаа орж, одоо ч зарим талаар тийм хэвээрээ” гэж байв.

Бизнесийн гүрэн

М.Шарапова 17 насандаа Вимблдоны тэмцээнд түрүүлж, үүнээс жилийн дараа эмэгтэй теннисчдийн дэлхийн чансааг тэргүүлэн 11 жилийн турш хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг манлайлсан бөгөөд “Forbes” сэтгүүлийн мэдээллээр шагнал урамшуулал, реклам сурталчилгаа зэргээс 300 шахам сая ам.доллар цуглуулсан юм.

2004 онд Вимблдонд аваргалангуутаа тэр даруй дэлхийн од болсон М.Шарапова он удаан жил төлөөлөгчөөр нь ажиллаж буй Макс Айнсбадын хамт “Porsche”, “Nike”, “Evian”, “HEAD” зэрэг алдартай брэндүүдтэй ашигтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, арьс арчлах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Supergoop!” компани болон дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй спорт тулааны “Ultimate Fighting Championship” байгууллагатай харилцан ашигтай түншлээд зогсохгүй нийгмийн туршлага хуваалцах ажилд хөрөнгө оруулсаар иржээ.

М.Шарапова цааш ярихдаа, “Надаас хувь илүү мэдлэг, туршлагатай гайхалтай компани, хүмүүстэй уулзаж учран тэднээс их юм сурах завшаан тохиосон би их азтай хүн. Тийм л уулзалтуудын явцад би өөрийгөө юунд илүү сайн, сул болон давуу тал минь юу вэ гэдгийг сайтар ойлгон ямар салбарт хөрөнгө оруулахаа хүсч буйгаа тодорхойлж чадсан юм.

Надад олон талын зөв мэдээлэл өгч чадах хүмүүс үргэлж байсан, харин эмэгтэй бизнес эрхлэгчдэд тэр бүр байхгүй болов уу. Хэдий тийм ч тэд нарт амьдралд хэрэгжин амжилтад хүрэх олон сайхан санаанууд бий. Гол нь сайн зөвлөх л хэрэгтэй” гэжээ.

Оролцохыг хүсэгчдийг улс орон даяар бүртгэнэ

М.Шараповагийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн хөтөлбөрт оролцогчдыг улс орон даяар энэ хавар бүртгэж эхлэх бөгөөд зургаа хүртэл эмэгтэйг 12 сарын хугацаатай зөвлөгөө өгөх хөтөлбөрт хамруулах юм байна.

Шалгарсан эмэгтэй бүрийг М.Шараповагийн маркетинг, бизнес хөгжлийн баг болон NAWBO холбоо урт хугацаанд дэмжин ажиллах ажээ.

“Би эмэгтэчүүдтэй нэг танхимд байж NAWBO болон “Sugarpova” зэрэг миний эзэмшдэг бизнесүүдийг өнөөгийн түвшинд хүргэсэн өөрийн багийн гишүүдтэй танилцуулна” гэж алдарт тамирчин ярьж байв.

 

Бизнесийн удирдагчид

М.Шараповагаас бизнесийн ертөнцөөс хэнийг хүндэлдгийг сонирхоход тэрээр “Facebook”-ийн Шерил Сандберг, “Uber”-ийн Бозома Сэйнт Жон, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны  Адам Силвер зэрэг менежерүүдийг дурдсан.

Тэрээр 2016 онд мелдоний гэх сэргээш хэрэглэсний улмаас теннис тоглох эрхээ 15 сараар хасуулсныхаа дараа А.Силверийн офист мэргэжил дээшлүүлж байжээ. Уг нь М.Шарапова зүрхний мелдоний эмийг хууль ёсны хүрээнд карьерынхаа турш хэрэглэсэн ч хориотой бодисын жагсаалтад 2016 оны нэгдүгээр сараас орсныг мэдээгүй гэдэг.

М.Шарапова А.Силверийн сургалтад хамрагдсан үеэ дурсахдаа, “Тэрээр танхимд цугларагсдын санаа бодлыг боож хаалгүйгээр чадварлагаар удирдах нь надад маш их сэтгэгдэл төрүүлж билээ. Нью-Йоркт хэд хоног түүний зөвлөгөөг сонссоныхоо дараа өөрийн эрхгүй, “Жинхэнэ удирдагч хүн ийм л байх ёстой” гэж бодсон доо” гэсэн юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

М.Шарапова ба NAWBO холбооны хамтын ажиллагааны эхлэл олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гуравдугаар сарын 8-тай давхцаж байгаа бөгөөд эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ туслах зорилготой.

NAWBO-гийн үндэсний институтын захирлаар сонгогдсон Лорин Жилбер, “Эмэгтэйчүүдийн бизнесийг шат ахиулах үйлсэд Мария Шараповатай түншлэх болсондоо хязгааргүй их баяртай байна” гэжээ.

1975 онд үүсгэн байгуулагдсан NAWBO холбоо нь есөн сая шахам хүнийг ажлын байраар хангадаг, 1.7 их наяд ам.долларын эргэлт бүхий АНУ-ын хамгийн хурдацтай өсч буй салбар болох эмэгтэйчүүдийн эзэмшдэг 11.6 сая аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлдөг ажээ.

“WealthWise Financial Services” санхүүгийн компанийн ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Л.Жилбер М.Шараповаг бизнесийн туршлага, овсгоо, шаргуу зан зэргээ бусад эмэгтэйчүүдтэй дуртайяа хуваалцан зоригжуулах болсонд талархлаа илэрхийлжээ.

М.Шараповагийн хувьд тэрээр топ теннисчний өдөр тутмын дасгал сургуулилт, тэмцээн уралдааны зав муутай хуваарьтаа зай гарган эмэгтэйчүүдэд бизнесийн зөвлөгөө өгөх шинэ ажилдаа ханцуй шамлан орохоор төлөвлөж байна.

Тэрээр, “Би тархиа завгүй ажиллуулах дуртай. Иймд хүмүүс юу хийдэг, юунаас айдаг, өөр өөр зах зээлд хэрхэн ажилладаг, өнөөгийн зах зээлийн байдлыг хэрхэн харж дүгнэдэг зэргийг ойлгож мэдрэх нь миний хувьд томоохон туршлага болох нь эргэлзээгүй” гэсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE