Норвегийн тамирчид Пёнчаны олимпод тэргүүлэв

БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн XXIII олимпийн наадмын сүүлийн тэмцээн буюу эмэгтэйчүүдийн цанын марафонд Норвегийн Марит Бьорген аваргалж, өвлийн олимпийн хамгийн их медальтай эмэгтэй тамирчнаар тодорчээ.

Ингэснээр, Норвеги 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тус наадамд оролцсон 92 орныг тэргүүлсэн байна. Нийт медалийнхаа тоогоор (39) Норвегийн баг тамирчид 2010 оны олимпод үзүүлсэн АНУ-ын (37) амжилтыг эвджээ. Медалийн чанар болон тоогоор Норвегийн ард Герман 14 алт, 10 мөнгө, долоон хүрэл медальтайгаар удаалжээ.

Харин гуравт Канад, дөрөвт АНУ-ын баг тамирчид орж, олимпийн наадмыг хүлээн авагч БНСУ урьд өмнө байгаагүй амжилт үзүүлэн (алт-5, мөнгө-8, хүрэл-4) долоод бичигдсэнээс гадна Ази тивдээ тэргүүллээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE