Ц.Нямдоржийг Ц.Амгаланбаяр л “намначихсан” юм байна

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 360 сая төгрөгийн үнэтэй “Лексус-570” машин тойрсон асуудал нэг тийш бололгүй байсаар цагаан сартай золгосон. Цагаан сар ч өнгөрлөө.

Монгол Улс эдийн засгийн хямралтай. Төр ч, ард иргэд ч төсөв санхүүгээ хасч танах арга хэмжээг дор бүрнээ авч байгаа.

Гэтэл Засгийн газрын нэг гишүүн нь 360 сая төгрөгийн үнэтэй, тусгай тоноглолтой жийп машин албан хэрэгцээндээ унаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлсэн юм. Үүнд дургүйцэхээс ч аргагүй.

Тийм учраас энэ асуудлыг нэг тийш болгох ёстой юм.

Ингэхийн тулд Ц.Нямдорж сайд захиалж авсан байна уу. Аль эсвэл ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр санаачлан, төсвийн хөрөнгөөр авч өгсөн байна уу гэдгийг олж тогтоох ёстой. Буруутай этгээдтэй нь хариуцлага ярих учиртай.

Гэхдээ хаанаас нь ч харсан Ц.Нямдорж сайд “…Би ийм л машин унана. Авч өг” гэж Ц.Амгаланбаярт тушаагаагүй нь лавтай. Харин Засгийн газрынхаа 100 хоногийн хэвлэлийн бага хурал дээр өгсөн тайлбар нь цэргээ хамгаалдаг хууль хүчний байгууллагын дарга нарын арнашин гаргачих шиг болсон тухай эх сурвалжууд ярьж байгаа юм.

Энэ ортой байж мэднэ. Учир нь ингэж дүгнэж болох шалтгаан бас байна.

Ц.Амгаланбаяр өөрийг нь“пялдага” хэмээн дүгнэсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид мэдээлэл хүргүүлэх тухай 01/360 тоот албан бичиг хүргүүлсэн байгаа юм. Түүндээ “…Сангийн сайдын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 372 дугаар тушаалаар ШШГЕГ-ын өөрийн үйл ажиллагааны орлогоос давсан дүнгээс 2447.2 сая төгрөгийн зарцуулах эрх өгсний дагуу автомашин худалдан авах саналаа ТӨБЗГ-т хүргүүлж, тус газрын даргын 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 634 дүгээр тогтоолоор худалдан авах зөвшөөрлийг олгосон” гэжээ.

Ц.Амгаланбаярын тайлбараар бол 2017 оны арванхоёрдугаар сарын 26-наас хойш худалдаа наймаа явагдсан болох гээд байгаа юм.

 

Гэтэл мань эр  2017 оны 12-р сарын 21-ний өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай А/269 тоот тушаал гаргажээ. Түүндээ 360 сая төгрөгийн өртөгтэй Туулах чадвар сайтай суудлын автомашин нийлүүлэх гэрээг “Лотус голд майнинг” ХХК-тай, 117 сая төгрөгийн өртөгтэй Суудлын автомашин нийлүүлэх гэрээг “Энхзул трэйд” ХХК-тай, 561 сая төгрөгийн өртөгтэй Бага оврын автобус нийлүүлэх гэрээг “УАЗ Мега” ХХК-тай, 529.4 сая төгрөгийн өртөгтэй Дунд оврын автобус болон бохир ус тээвэрлэх машин нийлүүлэх гэрээг “Батсээр” ХХК-тай байгуулахыг тушаасан байна.

Энэ дагуу 21-ний өдөртөө багтаан ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, “Лотус голд майнинг” ХХК-ийн захирал Д.Гарамдагва нар Ц.Нямдорж сайдын унаж байсан “Лексус-570” машиныг нийлүүлэх гэрээг байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тушаал хийгээд ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын зөшөөрлөөс өмнө өөрөө тушаал гаргаж 2.0 тэрбум шахам төгрөгийн шууд худалдан авалтыг хийсэн байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага хуулийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэгчээр Ц.Амгаланбаяр нь дээрх байдлаар хэний ч зөвшөөрөлгүйгээр төсвийн хөрөнгөөр машин худалдаж авсан. Их хэмжээний мөнгөөр худалдлан авалт хийхдээ ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй зэргээр хууль зөрчсөн байж болох олон үндэслэл шууд харагдаж байна.

Тэгэхээр Ц.Амгаланбаяр гэдэг нөхөр Хууль зүйн сайдад тал засахын тулд, аль эсвэл Хууль зүйн сайдыг хууль зөрчиж, төсвийн мөнгөөр авсан үнэтэй машин унуулсан болгож “намнах” зорилгоор ийм үйлдлэл хийсэн байж таараад байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE