“Дэлхийн хүмүүс үйлдвэрлэсэн” автомашин сансрын тойрог замд гарчээ

“SpaceX” компани бүхээгтээ “Tesla Roadster” автомашин тээсэн “Falcon Heavy” хэт хүнд пуужинг амжилттай хөөргөжээ. “Tesla Roadster” автомашин задгай сансарт Дэлхий, Ангараг гаригийн нарыг тойрох чиглэл огцлолцдог тойрог замд гарсан байна.

“SpaceX” болон “Tesla” компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск “CBS News” телевизэд ярилцлага өгөхдөө, “Олон хүн автомашиныг өөр гариг руу ямар зорилгоор илгээснийг ойлгохгүй байх шиг. Үнэндээ ямар нэг зорилго байхгүй л дээ. Шинэ пуужинг туршихад бүхээгт нь ихэвчлэн зүгээр л бетон юм уу ган хийц хийж хөөргөдөг. Харин бид илүү сонирхолтой зүйл буюу автомашин хийж хөөргөлөө” гэжээ.

Автомашины жолооны ард “Starman” (Оддын хүн) нэр авсан дуулга бүхий манекен суулгасан бөгөөд микросхемийн нэг дээр “Дэлхийн хүмүүс үйлдвэрлэв” гэж бичсэн аж. “Tesla Roadster” Дэлхийд хамгийн ойр Ангараг гаригт хүрэх магадлал тун бага гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE