Огцруулна гэхийн оронд олигтойхон ташуурдъя л даа

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр УИХ-ын чуулган дээр утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.  Тэрээр энэ үеэр УИХ-ын гишүүдийг хангалтгүй ажиллаж байна хэмээн зэмлэн УИХ-ыг тараах асуудлыг ярьж эхэлнэ гэж мэдэгдэв. Төрийн тэргүүний энэ мэдэгдэл ард түмэнд ихэд таалагджээ. Дүүргүүд дэх уулзалт бүрт Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж “УИХ-ыг тараахад манлайлж ажиллана уу” хэмээн үг дайх иргэн олон байв.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт нэгэн мэдэгдэл хийв. Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зургаан төрлийн татварын нэмэгдэл ард түмнийг туйлдуулж байгааг онцолж хариу арга хэмжээ яаралтай авахыг санууллаа. Хэрэв шийдвэртэй хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэж сөрөг хүчин шаардлаа.

Төрийн ордны гадна ч хөл хөдөлгөөн ихтэй долоо хоног өнгөрөв. НИТХ-ын 30 гаруй төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр уулзалдаж Хотын дарга Су.Батболдод хатуу хариуцлага тооцох тухай ярилцжээ. Тэд Су.Батболдыг огцруулж НИТХ дотроосоо Хотын даргыг сонгохоор хэлэлцсэн тухай бор шувуу нисч эхлээд байна.

Нэг цаг үед манай төрийн толгойд болж буй үйл явдал энэ. Чимэгтэй мэдээ огт үгүй. Огцруулна, тараана, татан буулгана, хална, солино гэсэн түшээдтэй. Төрийн ордон, Хотын захиргааны гадна татвар татааст нэрвэгдэж тартагтаа тулсан амьдралтай иргэдтэй. Сав л хийвэл болохгүй бүтэхгүйг ярьж, бусдыг шүүмжлэхээс гавьтай зүйл төрд ч тэр, түмэнд олонд ч үгүй болжээ.

Огцруулж, тарааж, нурааж орхиод өөдөлсөн жишээ Монголд байна уу. Нэгэнт сонгосон төрөө ташуурдаад ажлаа хийх хугацааг нь дуусахыг хүлээж үзвэл ямар вэ?

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE