“Зуух” Н.Цэрэнбатын зутантай улс төр

Төр толгойлон ажиллаж байгаа энэ удаагийн парламентийнхэнд ичих булчирхай нь ажиллахаа байчихсан нэлээн хэдэн гишүүн бий. Ямар сайндаа л ард түмнээсээ “боов”, “бохь”, “бандааш” гэх зэрэг хөгийн хоч авч байх вэ дээ. Тэднийг залгаад дахиад нэг гишүүн шинэ “алдраа” саяхан хүртлээ. Түүнийг “зуух” Н.Цэрэнбат гэх. Агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд өчнөөн тэрбумыг зарцуулж утаагүй зуух тараасан өмнөх Засгийнхаа ажлыг дэвслээд “Өмнө нь тараасан зуухууд шахаа байсан. Одоо жинхнээсээ утаагүй зуух тараана” гээд ард түмний чихийг дэлдийлгэж орхилоо.

Түүний амнаас сав л хийвэл зуух тараана, айл өрхийг сайжруулсан түлшээр хангана гэх үгс цухуйх болжээ. Утаанд дарлуулсан улаанбаатарчуудыг аврах гарц нь утаагүй зуух, сайжруулсан түлшнээс арай өөр зүйл болохыг өнгөрсөн жилүүдийн ажлууд бэлэхнээ харуулна. Гэтэл байгаль орчны асуудал хариуцсан гол албан тушаалтан нь ийм тайлбар хэлээд суух аж.

Н.Цэрэнбат гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албатай. МАН-ын 65-ын бүлгийн залуу гишүүдийн нэг. 20 гаруй жил утааны эсрэг тэмцээд үр дүнд хүрээгүй ажлуудын бэлэн жишээ нь зуух, түлш зэрэг нь байхад дахиад л ийм явуургүй аргыг ярьж суудаг нь харамсалтай. Н.Цэрэнбат сайд энэ өвлийн утааг зуух, түлшээр давна гэж мэдэгдээд зогсохгүй агаарын бохирдол аюултай төвшинд хүрээгүй гээд хээв нэг ярьж яваа гэнэ. Улаанбаатарын утаа байх ёстой хэмжээнээсээ хэдэн зуу дахин нэмэгдээд аюулын гэхээс гамшгийн хэмжээнд тулчихсаныг Н.Цэрэнбат сайдаас бусад бүх монголчууд мэднэ дээ. Урагшгүй албатынхаа удаа дараагийн галзуу мэдэгдэлд бухимдсан Засгийн газрын тэргүүн нь “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн сошиалаар үг дайгаад авна лээ.

Н.Цэрэнбат UFC грүппийн захирал. Нэг үгээр тэрээр энэ парламентад бизнесийн салбараас орж ирсэн нэгэн. Бизнес гэдэг байнгын шинэ зүйлийг гаргахыг шаардаж тэр хэрээр зах зээлд хөлөө олдог, цаашдын ирээдүйгээ бататгадаг салбар. Тийм ч учраас Монголын улс төрд салхи оруулах хүмүүсийн нэгээр түүнийг нэрлэж МАН, Увсын ард түмэн түүнд итгэл хүлээлгэсэн нь мэдээж.

Эрхэм гишүүний нэг ангид суугаа үеийн залуус нь шинийг санаачлаад шижигнэтэл ажиллаж байна. Н.Учрал гишүүн гэхэд боловсролын салбарт шинэчлэлийг шаардаж, дээрээс нь бас инновацийн төслүүдийг эхлүүлээд амжлаа. Хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн тойрогтоо өөрийнхөө хөрөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг бариад ашиглалтад оруулчихлаа.

Уг нь нас залуу, цус шингэн залуус ингэж л ажиллах ёстой. Ядаж л нэг тойрогт өрсөлдсөн бусад өрсөлдөгчөөсөө илүү давж ажиллах ёстойг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Н.Цэрэнбат гишүүн УИХ-ын 2016 оны сонгуулиар Увс аймагт 32 дугаар тойрогт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Засгийн газрыг тэргүүлж байсан, алдаатай оноотой ч олон бүтээн байгуулалтын автор Н.Алтанхуягаас дээр гарахгүй юм гэхэд дор орохгүйг хичээмээр. Гэтэл бусдын эхлүүлсэн ажил дээр хүйдэгнэх санаа түүнийг муухай, явцгүй улстөрч болгон харагдуулж байна.

Бас тэр зөвхөн Төрийн ордонд ч бус тойрогтоо ч нэр хүндээ алдаж эхэлжээ. Төрийн албан хаагчдыг гадаадад аялуулдаг жишгийг эрхэм гишүүн үргэлжлүүлсэн бололтой. Тодруулж хэлвэл, Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хот руу аялахаар болжээ. Ховд сумаас Эрээн хотод хэрхэн очоод буцах “хөөрхөн” хөтөлбөр энэ байна. Яг л цэцэрлэгийн хүүхдүүд хоттойгоо танилцдаг хөтөлбөр шиг. За тэр цэцэрлэгийн жаалууд ч яахав. Хаа холын баруун аймгийн сумын төлөөлөгчид Эрээнд очоод юу үзэх вэ. Ямар ч хийх ажилгүй төлөөлөгчид вэ, Увсын Ховд сумынхан. Арга ядсан ийм аяллын зардлыг төсвөөс гаргасан юм биш биз. Ямартаа ч Төлөөлөгчдийн аяллыг Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар сайдын туслахууд хариуцахаар болсон нь хөтөлбөрөөс харагдана. Нэг үгээр, зуухаас өөрийг сэтгэдэггүй сайд маань муухан ийм ажиллагаанд л нэр нь цохиж явна.

Энэ мэтээр зуух, түлшхэн ярьж улс төр хийгээд зутан болгож орхисон түүнд Увсын ард түмэн ихээхэн дургүйцэж буй сурагтай. Улс төрд ингэж алхахгүй ээ, Н.Цэрэнбат гишүүн ээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE