Монголбанк хүндэрсэн хоёр том банкийг удахгүй зарлана

Сүүлийн үед арилжааны хоёр том банк хүндэрсэн тухай мэдээлэл гарах болов.

2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “…Банкны шалгалтын асуудлаар асуумаар байна. Хоёр том банк хүнд байдалд орж байгаа. ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргана гэж яригдсан. Энэ нь шалгалтын үр дүнд гарч байгаа юм уу. Ер нь арилжааны банкуудын байдал ямархуу байгаа вэ?” гэж Ажлын хэсгийнхнээс асуусан.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ асуултад “…Арилжааны банкууд дээр активын чанарын үнэлгээ буюу AQR хийгдээд ерөнхийдөө дуусч байна. 2016 оны тайлан баланс дээр активын чанарын үнэлгээ хийгдсэн байгаа. Гэхдээ 2016 он бол нэлээд эдийн засгийн уналттай жил байсан. Тийм учраас бид ОУВС-д хандаж 2016 оны активын чанарын үнэлгээний үр дүн бол Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг, манай арилжааны банкуудын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд харуулж чадахгүй. 2017 онд эдийн засагт өсөлт гарч байна. 5-6 хувийн өсөлттэй явж байна. Тийм учраас 2016 оны үзүүлэлтийг 2017 он болгож тохиргоо хийх явдал бол бодит үр дүн, зургийг тодорхой харуулах болно гэдэг хүслэтийг тавьсан. Одоо тохиргоо хийх ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр тохиргоо хийсэн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас одоохондоо ийм тодорхой зүйлийг хэлэх боломж алга. Гэхдээ та бүгдэд хандаж нэг хүсэлт тавихад Активын чанарын үнэлгээний эцсийн дүн гараагүй байхад тодорхой тоо хэлэх, банкуудын тоо хэлэх, ийм зүйлийг битгий хийгээч ээ. Манай Их хурлын гишүүдийн үг бол маш их жинтэй, нөлөөтэйгээр олон нийтэд тусдаг. Ийм учраас урьдчилсан таамагласан зүйлийг битгий хийгээсэй. Эцсийн үр дүн, тайланг гаргаагүй байна. Монголбанкинд орж ирээгүй байна” гэж хариулсан байгаа юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуусан хүндэрсэн хоёр банкны тухай мэдээлэл Монголбанкны зарлах активын чанарын үнэлгээ буюу AQR-аар ил болох бололтой. Гэтэл Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “…Активын чанарын үнэлгээ хийгдээд гурван долоо хонож байна. Үнэлгээний процесс шат дараатай, төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гүйцэтгэгч компани /PWC, Чех/ Монголбанктай хийсэн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30 гэхэд үнэлгээнийхээ эхний тайланг гаргаж өгнө. Тиймээс тухайн үед үнэлгээний дүнгийн мэдээлэл олон нийтэд хүрнэ” гэсэн тайлбарыг өгч байсан юм. Энэ хугацаа нь өнгөрөөд 40 гаруй хоночихлоо.

Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгчийн учирласан тайлбарт энэ мэдээллийг үгүйсгэхгүй, харин эрхэм гишүүдийг “…Бүү задруулаач” гэж гуйсан байна. Тэгэхээр арилжааны хоёр том банк хүндэрсэн нь тодорхой банйа гэсэн үг. Харин ямар хоёр банк вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа юм.

Эдийн засагчдын харж байгаагаар “…Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулж ХААН, Төрийн банк хоёроор дамжуулах талаар мэдээ цацагдсан. Үүнээс юу ойлогдож байна вэ гэвэл хүндэрсэн хоёр банк нь ХААН болон Төрийн банк биш гэсэн логик бууж байна” гэж харагдаж байгаа ажээ. Ямар хоёр банк хүндэрснийг Монголбанк тун удахгүй активын чанарын үнэлгээ буюу AQR-ыг зарлахад мэдэгдэх нээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE