“260 тэрбум төгрөг өгөхгүй бол бензинээ 300-аар нэмнэ”

Бензин, түлшний үнэ нэмэгдэж болзошгүй гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Энэ үнэн бололтой. Шатахуун импортлогч компаниуд Засгийн газарт ээлжит шахалтаа үзүүлээд эхэлсэн байна. Хэрвээ Засгийн газраас шатахуун импортлогч 10 гаруй компанид 260 тэрбум төгрөгийн татаас өгвөл бензиний үнийг 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ гэжээ. Ингэхээр ямар ч байсан бензин, түлшний үнэ нэмэгдэх нь тодорхой гэсэн үг.

Ер нь шатахуун импортлогчид Засгийн газарт ингэж шахалт үзүүлж, санасандаа хүрээд сурчихсан. 2012 оноос хойш Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн 3.8 хувийн хүүтэй 192 тэрбум төгрөг авч байсан. Мөн 2015 оноос хойш гурван ч удаа онцгой албан татварын хөнгөлөлт эдэлж байсан гээд дурдаад байвал олон хөнгөлөлт гарч ирнэ.

Хамгийн гол нь үе үеийн Засгийн газар шатахуун импортлогчид бензиний үнийг нэмчихээр дагаад өргөн хэрэглэний барааны үнэ өсчихнө. Ингээд дараагийн сонгуульд дахин гарах “будаа” болно гэж айгаад хэлснийг нь биелүүлээд дасгачихсан бололтой юм. Ингэж өгөөд байдаг татаас чинь явж явж та бидний татварт төлдөг мөнгө юм.

Уг нь шатахуун импортлогчид бизнесийн хуулиа дагаж, ашигтай үедээ үнээ буулгаж, ашиг муудвал зохих хэмжээнд нэмэх ёстой юм. Гэвч дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан ч Монгол дахь бензин, түлшний үнэ бахь байдгаараа л байдаг. Бензиний үнэ буудаггүй юм.

Харин одоо дахиад нэмэхээр болсон байна. Литр тутамд 50, эсвэл 300 төгрөгөөр шүү. Ийм сурагаар архины үнэ ч нэмэгдсэн дуулдаж байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE