Б.Хурцын дараа орох хамгийн их мэдээлэлтэй ганц гишүүн

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улстөрчид, бизнесмэнүүд гээд Монголын хамаг томчуудын нууцуудыг мэддэг. Тийм учраас Б.Хурцаас бүгд айдаг гэдэг юм. Оны өмнөхөн Б.Хурцыг Элчингээр томилогдоход эрхэм гишүүд яалаа гэж ирээд л ярьж, бичээд байгаа.

Тэгвэл Б.Хурцын дараа орох, магадгүй түүнээс ч дутахгүй мэдээлэлтэй байж мэдэх нэгэн хүн тодроод байна. Тэр бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрээр саяхан сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцахдаа энэ бүхнээ дэлгэжээ. Үнэнийг хэлэхэд ийм хэмжээний зүйл ярьдаг УИХ-ын гишүүн өнөө цагт тун ховор байж мэдэх юм.

О.Баасанхүүгийн ярьснаас нэмэлт хачиргүй түүвэрлэж хүргэе л дээ.

“…Байнгын хороон дарга нэг жил хийх ёстой байтал намайг үгэнд ордоггүй гэдэг нэр зүүлгээд жил ч болгоогүй. Би яг дээрх зөрчлүүдийг сөхөөд хэлэлцүүлэг хийх гээд 2013 онд Эрдэнэтийг худалдаж аваад, зарах гээд байна шүү гэж хашгирч явахад , Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө үйлдвэрээ угааж байгаа юм шиг л шампанск буудуулж байсан. Хэцүү нөхдүүд шүү дээ. С.Баярцогтын оффшорын мөнгөний хагас нь манай нөхдүүдийн заримд нь орсон байх магадлалтай гэж би хардаг. С.Баярцогт бол Н.Энхбаяр даргын “өргөмөл хүүхэд” гэж би ойлгодог ш дээ. (инээв) Энэ нөхдүүд өөрсдийнхөө эсрэг зогссон хүнд юу гэж дуртай байхав дээ. Би бол шударга байсан. Одоо ч шударгынхаа талд л зогсож байна”.

“…Н.Энхбаяр дарга ганцхан намайг гомдоогоогүй л дээ. Олон хүнийг гомдоосон байна. Энэ жагсаалт түүний улс төрийн бүх амьдралаар хэмжихэд хэтэрхий их тоо хөврөх юм билээ. Гомдоосон хүмүүс нь зөвхөн манай намаар тогтохгүй МАН-ын Сү.Батболд,С.Баяраар зогсохгүй АН-ын “Женко”, С.Эрдэнэ гээд зөндөө олон хүнийг гомдоосон байдаг”.

“…Эрэлийн нам Х.Тэмүүжинтэй л холбоотой. Би бол АН-ын гишүүн байсан нь үнэн”.

“…Би өмнө нь Эрдэнэтийнхээ засаг дарга нарыг Их тэнгэрт амрааж л байсан. Их тэнгэр, төрийн ордонг аймаар хаалттай гэж би боддоггүй. Сая нэгдүгээрт аюулгүй байдал чухал байсан”.

“…Би ямар Ч.Улаан, Д.Тэрбишдагва шиг улс төрд зурагдсан пянз болчихсон хүн биш”.

“…Бага чуулганааТөрийн ордонд хийх гэж байтал М.Энхболдод мессеж ирсэн байгаа юм. Би М.Энхболдтой уулзтал, би мэдэхгүй, даргын эсрэг юмхийж чадахгүй, наадахаа өөрсдөө учраа ол, танай намын асуудал надад хамаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би төлбөрийг нь төлөөд Их тэнгэрт хийж, зодоон нүдээнээс салж байсан”.

“…Н.Энхбаяр дарга, Ц.Элбэгдорж хоёр нэг баг болсон учраас тэдний томилсон шүүгчид шударга ажиллана гэдэгт би эргэлзэж байна”.

“…Н.Энхбарярт М.Энхболд, Сү.Батболд, У.Барсболд гэсэн том компьютер байсан. Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж, Ц.Нямдорж гэсэн гурван том нохой байсан. Одоо энэ гурван нохой л Монголын хууль зүйн системийн тухай яриад сууж байна. Эд нарыг өөрчилмөөр байна”.

“…УИХ-ын гишүүд бол А зэрэглэлийн мэдээлэлтэй байгаа. Ард түмэн бол зөвхөн өгөгдсөн мэдээллээс л өөрсдөө дүгнэлт хийж байна. Жишээ нь, Тэд Эрдэнэтийн 49 хувийн тогтоолын эсрэг байгаа. Үнэнд гүйцэгдээд ирэхээр аяндаа тодорхой болно. Хэдэн хуйвалдагчид л хоорондоо хэлэлцээр хийгээд, тогтоол баталсан”.

“…Яг болсон процесс гэвэл би тухайн үеийн шадар сайдын өрөөнд байж байтал, Н.Энхбаяр “Чи хаана дэвших вэ” гэж асуусан. Би Д.Одхүү Эрдэнэтэд дэвших гэж байгаа юм байна гэж айгаад, Чингэлтэйд дэвшинэ гэж хэлсэн. Тэгээд л мань хүн О.Баасанхүү 64 дүгээр тойрог гээд л бичээд авсан. Гараад талбай дээр Н.Энхбаяр даргатай хамт алхаж явтал утас нь дуугараад нэг хүн ярьсан. Тэр нь энэ МАН-ын Ө.Энхтүвшин дарга байсан. Ө.Энхтүвшин өөртөө зөөлөн хүн өгөөрэй гэж тэгэхэд гуйснаас болоод, Н.Энхбаяр дарга надад 64 дүгээр тойргийг өгөөгүй”.

“…Ц.Элбэгдорж, Н.Багабанди, П.Очирбат, С.Баяр нь ч байна уу, тэд өөрсдийнхөө дүү нараар дамжуулаад л улс төрөө хийгээд явж болж л байгаа биз дээ”.

“…Ж.Батзандан гарч ирээд, хэвлэлийн хурал хийхээр нь чамайг би дэмжинээ гэсэн чинь урдаас “Намайг Б.Хурцтай найзлуулаад өгөөч, чамайг их ойрхон байдаг гэх юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ залууг би сайн мэдэхгүй. Тагнуул, АТГ-т байдаг л гэж мэднэ. Харин БЗД-ийн Засаг дарга байсан нөгөө нохойны хөшөө босгодог Б.Батзоригийн найз юм байна лээ. Чи харин тойрог дээрээ Б.Батзоригийг биш өөр хүн дэвшүүлж өгөөч гэж Б.Хурцтай уулзаж байсан юм биш үү. Чамайг тэгж уулзаж байсан гэж шуудангийн ах хэлсэн” гэж хэлээд, би гараад явсан. Маргааш нь хуулийн дагуу бэлтгэсэн бичиг байхгүй, байнгын хорооны хурал дээр ороодирэхээр нь наад бичгээ хуулийн дагуу болгочих оо л гэж би хэлсэн. Гэтэл л Ж.Батзандан орилоод л, хашгираад л, чарлаад л унасан”.

“…Б.Хурцыг ажлаас нь халаагүй, шилжүүлэн ажиллуулж байгаа юм. Хуулинд халах, чөлөөлөх,шилжүүлэн ажиллуулах гурван заалт байна. Тагнуулд ил, далд гэсэн хоёр ойлголт бий. Ил тагнуул нь дипломат алба, далд тагнуул нь тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил”.

“…Ц.Нямдорж гэдэг хүн Н.Энхбаяр гэдэг хүнээс айдаг. Н.Энхбаярт хар ном байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Уншсан хүн нь ганцхан би. Тийм учраас олон хүний тухай би мэднэ”.

“…Ерөнхий сайд М.Энхсайханаас хойш ТЕГ-ын бүтэц, ажлын чанар их муудсан. Гэхдээ домог шиг хүмүүс бол байгаа”.

“…АН-ынхныг бүр 180 тэрбумынхан гэж хэлмээр байдаг. Тэр ил тодоор мөнгөө авдаг, оронд нь албан тушаал өгдөг. Сонгуулийн нэрээр яриад 100 саяар босгоо тавьдаг шүү дээ”.

О.Баасанхүү ингэж ярьжээ. Эндээс үзвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын өнөөгийн улс төрийн ил далд болгоныг мэддэг. Тийм учраас тэрээр улстөрийн хүрээнийхэн өөртэй нь ойр байх, ядаад шөргөөцөлдөхгүй байх ёстой гэж үздэг бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE