Банкны хүү тэнгэрт тулсан, банкнууд нь нэг эзэнтэй, уул уурхайн бизнестэй, хувьцаа эзэмшигчид нь харилцагчаа дарамталсан хэвээр байг уу?

 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.

“…Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав. Үүний тулд банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах; банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах; албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх; албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдлийн түвшинд үндэслэдэг байх; бусад зохицуулалт зэрэг агуулгаар хуулийн төслийг боловсрууллаа” гэж сайд Г.Занданшатар онцолж байсан.

Ер нь бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий зургаан зүйлтэй юм байна.

  1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;
  2. Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.
  3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.
  4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.
  5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.
  6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно.

Харин арилжааны нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг давхар эзэмшиж болох эсэх, арилжааны банк уул уурхайн компани эзэмшиж түүнийгээ санхүүжүүлээд явж болох эсэх, бас яагаад заавал Монголын банкны хүү дэлхийд байхгүй өндөр байдаг юм бэ, үүнийг бууруулж олон улсын жишигт бариулах боломж бий эсэх гээд өнөөдөр нийгэмд асуудал үүсгээд байгаа, банкны салбарт тулгамдсан явдлуудад хариулт өгөх өөрчлөлт орохгүй нь бололтой. Үүнээс гадна арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн даварсан үйлдэл ихээр гарах болсон байна. Тухайлбал, нэгэн арилжааны банкны нэр бүхий хувьцаа эзэмшигч зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй мэдээлэл бий. Хөдөөгийн нэгэн аймагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл хүсч банкны хувьцаа эзэмшигчтэй уулзжээ. Хувьцаа эзэмшигч ноёнтон “…Зээл олгож болно. Харин нэг болзол байна” гэсэн байгаа юм. Захирал болзлыг хүлээн зөвшөөрчээ. Тэр нь банкны өрөнд хураагдсан ашиггүй компанийг уг захиралд шахсан байгаа юм.

Ингээд барилгын компанийн захирал тохирсон ёсоороо зээл хүссэн өргөдлөө өгсөн байна. Хувьцаа эзэмшигчтэй уулзсанаас хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа зээл нь бүтжээ. Зээлийн хорооноос компанид нь 1 260 000 000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгийн зээл олгохоор болсон байгаа юм.

Харин зээлийн мөнгө компанийн дансанд шилжсэний дараа хувьцаа эзэмшигч нөгөөх компанийн захирлаас 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг өөрийнхөө хамаарал бүхий компани руу, 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг түүнд “шахсан” компанийг өмөн нь эзэмшиж байсан банкныхаа нэгэн ажилтны хувийн данс руу шилжүүлэхийг шаарджээ. Компанийн захирал ч хүссэнээр нь болгосон байна. Одоо энэ асуудал нэг тийш шийдэгдээгүй байгаа юм. Уг нь Монголбанк энэ тухай мэдсэн ч тухайн арилжааны банктай ямар яриа хэлэлцээ хийсэн нь тодорхойгүй. Юутай ч хохирсон захирлыг асуудал шийдэгдээгүй байгаа юм.

Энэ мэтчилэн Монголын банкны салбар, тэр дундаа арилжааны банкны ноёрхолд хязгаар тавьж, нийгмийн захиалгатай олон нийтийн төлөөх өөрчлөлтийг Банкны тухай хуульд хийлгүй орхих бололтой.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE