У.Хүрэлсүхийн сайд нарыг шинжихүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдэж байх шиг байна. Уг нь У.Хүрэлсүх сайд нараа өөрөө сонгож намдаа, УИХ-д танилцуулсан бол болох байлаа. Нөгөө талтайгаа тохироо хийсэн нь У.Хүрэлсүхэд итгэсэн олны итгэлийн нэлээдийг аваад явчих шиг боллоо.

Гээд яахав, засаг тасралтгүй ажиллах ёстой. Хүлээсэн олон ажил байна.
Ингээд У.Хүрэлсүхийн багийн хэн нь хэн бэ гэдгийг хальтхан ч болов харъя. Бас Ж.Эрдэнэбатын сайд нараас илүү гарах уу гэдгийг бодъё.
Шадар сайд болох хүн Ө.Энхтүвшинээс өөр байх ёстой байсан юм. Улсын онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөний асуудал хариуцна. Ерөнхийдөө хагас цэрэгжсэн “тап яп” хийсэн залуу байсан бол зохих байсан юм. Зүй нь УИХ-аас сонгох гэвэл Ж.Энхбаяр энэ ажилд яг тохирох хүн байв. Өмнө нь У.Хүрэлсүх өөрөө энэ ажлыг хийж байсан. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Шадар сайдын чанар чансааны хувьд тэртээ доор очсон гэдгийг шуудхан хэлье.

ЗГХЭГ-ын дарга ч ялгаагүй. Эрч хүчтэй залуу хүн хэрэгтэй байлаа. Бас сайн менежер. Г.Занданшатар МАН-ын генсек, сайд байсан хүн л дээ. Гэхдээ энэ хүн хэр зэрэг сайн менежер болохыг мэдэхгүй юм. Уг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг энэ ажилд тавиад жаахан “шүүсэлсэн” бол улсад хэрэг болохоор байсан юм. Харин Г.Занданшатарт энэ үүргийг хүлээлгэсэн нь оносон алдсан эсэхийг цаг хугацаа харуулна.

Сангийн сайд бол болж байна. Тэртэй тэргүй Ч.Хүрэлбаатараас өөр сайн сонголт алга. Хотгор шанагын уурхайг ах дүү нартайгаа нийлж байгаад зарчихсан гэдэг мэдээллээс өөр түүнийг муулах шалтгаан одоогоор харагдахгүй байна. Тиймээс түүнийг Б.Чойжилсүрэнгээс илүү гарна уу гэхээс дутахгүй ажиллана гэдэгт олон нийт итгэж байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бол нийгмийн захиалга. Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд хоёр нь олны дэмжлэг маш ихтэйгээр албан тушаалдаа очиж байна гэхэд болно. Хууль зүйн салбарт өнөөдөртөө түүнээс илүү гарах лидер алга. Ц.Нямдоржийг бас асар их ажил хүлээж байгаа. УИХ-ын индэр дээрээс хэлсэн олон үгээ хэрхэн биелүүлэхийг хүмүүс хүлээж байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болж байгаа Н.Цэрэнбатыг сайн бизнесмэн гэдгийг мэдэх юм. 2016 онд анх удаа УИХ-д сонгогдсон. Батлан хамгаалахын сайдаас “буугаад” энэ салбар дээр очиж байгаа гэлцэж буй. Тэрээр одоогийн сайд Д.Оюунхоролоос цэгцтэй ажиллана гэдэг бол итгэж болох биз.
Барилга хот байгуулалтын сайд болох гэж буй Х.Баделхан хэр зэрэг сонголт юм гэдгийг мэдэхгүй. Г.Мөнхбаяраас илүү гарч ажиллана гэдэгт бол итгэх хэрэггүй. Үнэнийг хэлэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын “топ” сайд нарын нэг нь Г.Мөнхбаяр байсан.
Батлан хамгаалахын яам гэж үйлтэй газар бий. Бас л улстөрч давхиж очих нээ. Бараа сүр нь хаачихав, Б.Бат-Эрдэнэ аварга бол шинэ сайдаас нь дээр байсан байх. Уг нь энэ салбарт цэргийн мэргэжлийн хүн тавьсан бол хэрэгтэй байсан байх. Тэгэхээр дордсон сонголт гэж хэлж болно.

Гадаад харилцааны сайд Д.Цогбаатартай бол яриад байх юм байхгүй биз ээ. Ц.Мөнх-Оргил л гэсэн үг. Хоёулаа Сү.Батболдын фракцынх, хоёулаа өндөр боловсролтой хүмүүс.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болох Д.Сумъябазарыг Ц.Дашдоржоос дээрдүүлж ойлгож л болох юм. Яагаав, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг “манай нохой” гэж байсан даа. Тийм л юм.

УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болж байна. П.Сэргэлэн шиг ажиллаж бол чадахгүй байх. Явж явж Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хамгийн ажилласан сайд нарын нэг бол П.Сэргэлэн шүү. Б.Батзориг өмнө нь энэ яамны дэд сайд байсан. Энэ эрхэм бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт Т.Бадамжунайн хийсэн шахаа гэж ярих юм билээ.

С.Чинзориг бол Ц.Нямдорж шиг л томилгоо болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт С.Чинзоригийг давж дуугарах хүн МАН-д бол байхгүй. Юун Н.Номтойбаяр. У.Хүрэлсүхийн Засгийн газрын оносон томилгооны нэг нь С.Чинзориг мөнөөс мөн.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болж байна. Хүмүүсийн ад үоо үзэж, муулаад байсан А.Цогцэцэг бол харин ч мэргэжлийн сайд байсан. Буусан хойно нь А.Цогцэцэгийг салбарынхан нь үгүйлнэ дээ, үгүйлнэ. Ингэж мөрийцсэн ч болно. Ер нь бол мэргэжлийн хүн салбартаа яаж углуургатай ажилладгийг А.Цогцэцэг харуулсан. Н.Энхболдын худ, зарим улстөрчийн эрүүл мэндийн салбар дахь эрх ашгийг хангаагүй зэрэг нь л түүнийг харлуулдаг гэдэг юм.

Боловсролын сайдаар Ц.Цогзолмаа томилогдох нээ. Сайдгүй, төрийн нарийнгүй дууна явж салбарч дуусч байгаа энэ салбарыг Ц.Цогзолмаа харин гайгүй сайн аваад явж чадах байх. Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар хоёрын дэргэд бол сайдын эрэмбэтэй байж магад. Харин хаая нэг бичигддэг ашиг сонирхлын юмаа жаахан дарах хэрэгтэй байх гэдгийг ирэхийг нь сонссон боловсролын салбарынхан ярьж сууна лээ.
Эрчим хүчний сайдаар ажиллах Ц.Даваасүрэнг сайн томилгоо гэж хэлэхгүй ээ. Өмнө нь Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай. Харин одоо эрчим хүчний салбарт ажиллах гэж байна. Уг нь Ц.Даваасүрэнгээс илүү эрчим хүч, дэд бүтцийг ярих хүн МАН-ын гишүүд дунд байх л ёстой юм. Бас П.Ганхүүгээс илүү гарах нь юу л бол
Зам тээврийн хөгжлийн салбарыг “сахал” Ж.Бат-Эрдэнэ хариуцах нээ. Салбартаа бол хуучин хүн л дээ. Гэхдээ одоо байгаа Д.Ганбатыг гайгүй сайн сайд гэхийг салбарынхных нь амнаас бишгүй л сонсож байсан. Тэг дундуур сонголт гэвэл Ж.Бат-Эрдэнийг л хэлэх байх. Улстөржихөө болиод урдах ажлаа хийвэл яахын аргагүй мэрэгжлийн л хүн дээ.

Ингээд харахаар У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатынхаас дээрдээд, олны хүлээсэн шиг мөрөөдлийн байж чадахгүй нь ойлгомжтой байна. Тэгэхээр ачааны хүндийг У.Хүрэлсүх өөртөө л үүрнэ гэсэн үг. Энэ Засгийн газар хаа хүрэхийг гагцхүү У.Хүрэлсүхийн чадал чансаа, чин зориг л мэдэж дээ.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE