Орхон аймгийн багш нар Хятад улсад туршлага судална

2016-2017 жилийн туршийн ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн 10 багш аймгийн мэргэжлийн аварга болсон. Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газраас эдгээр багш нарыг БНХАУ-ын Ордос хотод туршлага судлах эрхээр шагналаа. Мэргэжлийн аварга багш нарт эрхийн бичиг гардуулах ёслолын үеэр Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Хүний хөгжлийн бодлогод багш нарын үзүүлэх үр нөлөө чухал. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс, Эрдэнэт хотын ирээдүй бий болно. Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас багш нарыг хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багш” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Мэргэжлийн аварга багшийг шалгаруулахад хүүхэд бүрийг хөгжүүлсэн, тухайн жилд аймаг, бүс, улсын хэмжээний уралдаанд гаргасан амжилт зэрэг нь нөлөөлдөг юм.
Түүнээс гадна энэ үеэр Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн олголоо. 5, 7, 14,  17, 20-р сургуульд олгосон энэхүү кабинетыг бага ангиуд байгалийн ухааны, хүн, байгаль хичээлд ашиглах бол ахлах ангид анатоми, газар зүй, физикийн хичээлд ашиглах бүрэн боломжтой талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ярилаа. Энэхүү кабинет нэг бүрийн өртөг нь 3.5 сая төгрөг юм.
Дашрамд дурдахад, Орон нутгийн засаг захиргаанаас БСШУС-ын яамтай хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Уг ажилд нийтдээ 110 гаруй мянган америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.
SHARE