23 дугаар сургуулийн өсвөрийн аврагчид манлайлав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн зохион явууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн  Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан нар  оролцон өсвөрийн аврагчдад баяр хүргэж, амжилт хүссэн.

Тэмцээнийг бүлгийн жигдрэлт, хуулийн мэдлэг, усанд нэрвэгдэгсдийг аврах,  гал түймэр унтраах ажиллагаа зэрэг шалгууруудаар дүгнэж явуулсан.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 11 аврагч бүлгийн нийт 84 сурагч 11 багшийн бүрэлдэхүүнтэй тамирчид оролцсоноос 23 дугаар сургуулийн аврагчид  тэргүүн байр эзэлж, 117 дугаар сургуулийн аврагчид хоёрдугаар, 72 дугаар сургууль гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

“Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулснаар сурагчид болзошгүй аюул, осол, гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалахад суралцах, дадал эзэмших, бие бялдын хөгжил, шийдвэр гаргах чадвар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

SHARE