Та огцорвол дараагийн “МАН” Ерөнхий сайддаа Цагийн зүүг эс хөдөлгөдөг болгосноо үргэлжлүүл

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Гималайн нурууны Эверэст болон бусад 8000 метрээс өндөр нийт 14 уулын орой дээр хамгийн богино хугацаанд (7 жил 11 сар 14 хоног) анхлан гарсан алдарт уулчин бол Польшийн Ежи Кукучка. Тэрээр “Миний босоо дэлхий” гэдэг номдоо цагийн бүстэй улбаатай цагийн зөрөөний талаар өгүүлсэн сонин баримт өгүүлсэн байдаг. Утга нь: Гималай нуруу даган 1980-аад оны төгсгөлөөр баруун хойноос зүүн урагш чигтэй мянгаад км зам туулахдаа бугуйн цагаа 6 удаа тааруулсан тухай. Тэрбээр Энэтхэгээс Балба руу орохдоо 15 минут урашлуулж, аяллын маршрут нь Балбаас Энэтхэгийн нутаг дэвсгэрт дахиж орсон учраас буцаан 15 минут ухрааж, дараа нь Энэтхэгээс Хятад уруу хил нэвтрээд 2 цаг 30 минут урагшлуулж, Хятадаас Бутаны нутагт хөл тавихдаа 2 цаг хойшлуулж, Бутанаас Энэтхэг рүү орохдоо цагаа 30 минут ухрааж, эцэст нь Энэтхэг- Бирмийн хил гараад 1 цаг урагшлуулсан байна. Домогт уулчин маань тухайн үед орон нутгийн цагтай тааруулж бугуйн цагийнхаа зүүг 6 удаа урагш хойш нь хөдөлгөсөн нь Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Бирм улсын хамрагддаг “цагийн бүс”, мөн зарим нь зун, өвлийн цагийн хуваарьт шилждэг байсантай холбоотой байжээ. Түүний өгүүлснээр, Хятад нь 1949 оноос өмнө таван “цагийн бүс”-тэй байснаа 1949 оноос эхлэн улс даяараа Бээжингийн цагийг баримталдаг болсон нь тус улсын нутагт явж байхад цагийн зүүгээ ухрааж, урагшлуулах огт шаардлагагүй амар болжээ. Гэхдээ заримдаа гайхмаар байдалд хүргэдэг байна. Тухайлбал, Төвдийн өөртөө засах оронд явж байхад нь Бээжингийн цагаар шөнийн 01 цаг болоход нар жаргаж байх жишээтэй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоод цагийн зүүг жил бүрийн хавар, намар нааш цааш нь нэг ухрааж, урагшлуулдаг явдлыг зогсоосон учраас өнөө цаг дор манай улсад өмнөд хөрш Хятадаас хил алхан орж ирэхэд домогт Ежи Кукучкатай тохиолдсон шиг, цагийн зөрөөтэй холбоотой толгой эргүүлж, гайхашруулсан тийм том төвшний зүйл тохиолдохгүй л дээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынхаас өмнөх Засгийн газрууд цагийн зүүг жил бүрийн хавар, намар нааш цааш нь нэг цагаар хөдөлгөдөг байсан. Энэ нь Зуны хуваарьт 3-р сарын сүүлчийн долоо хоногийн амралтын өдрүүдийн шөнө, харин Өвлийн цагийн хуваарьт 9-р сарын сүүлчийн долоо хоногийн амралтын өдрүүдийн шөнө шилждэг үйл явц байв. Ер нь Зуны цагийн тоололд шилжих ашигтай эсэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид хоёр талцан тайлбар хийдэг. Дэмжигсэд нь “байгалийн нарны гэрлийг илүү ихээр ашиглах боломж гаргаснаар цахилгаан эрчим хэмнэдэг эдийн засгийн ашигтай” гэж ярьдаг. Эсэргүүцэгсэд нь “Хамгийн үнэт капитал-хүмүүсийн биологийн цагийг захиргаадаж өөрчилснөөр эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учруулна” хэмээн өгүүлдэг. Дээр нь нэмж эдийн засгийн хамтын ажиллагаатай улс орнууд цагийн зөрөөгүй байх нь нэн тааламжтай нөхцөл гээд Испаниар жишээ авдаг. Тус улс нь 1950-иад онд худалдааны гол түнш Францтай цагаа тохируулж GMT-ээс CET-д шилжсэн байдаг. (Эдгээр үгийг google-ээр хайж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай). Дашрамд хэлэхэд, “цагийн бүс” гэдэг нь Английн Гринвичээс эхлүүлэн дэлхийн газар нутгийг 24 цагаар бөмбөрцгийн өргөргөөр нь хувааж тухайн улс болгоны цагийг бусад улстай харьцуулах арга юм. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд аа, Та хэрвээ огцорвол дараагийн 30 дахь Ерөнхий сайд “МАН”-даа Зуны цагийн хуваарьт шилжихийг зогсоосныг цаашид үргэлжлүүлэхийг хүсээрэй.
 Сэтгүүлч Б.Eрэнтэй
SHARE